2023.05.19

С.Ганбаатар: Ард нийтийн санал асуулга явуулж өгөөч гэж хуулийн баримттай гуйж байхад УИХ намайг хатааж байна

УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Хэдэн өдөр Үндсэн хуулийн үзэл баримтлал, онолыг ярилаа. Ойлгож байгаа хүн алга шиг байна даа чааваас. Миний хувьд тооны талаар яриагүй шүү дээ. Үндсэн хуульдаа гар дүрэх эрх байгаа юу, үгүй юу гэдгийг асуух механизмыг ярьж байна. Бид зөв арга замаар асууж байгаа юу? Зөв арга замаар, санал шийдвэрээ гаргаж байгаа юу? Их Хурал өнөөдөр өөрөө өөрийнхөө сандал, ширээг нэмэхдээ ядаж ичих сэтгэлтэй байх ёстой. Олон тоог 300 байсан ч хамаагүй, тоо яриагүй шүү дээ. Шийдэх арга зам, механизмаа ярьж байгаа. Одоо би хэдэн хуулийн асуулт асууя. Ажлын хэсгийн та нар үзэг цаасаа бэлдээд зүйл, заалтаар нь хариулж өгөөрэй.

Нэгдүгээрт

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж, шийдвэрлэх гээд байна аа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухайн хуулийн 15.2-т Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24, штрик 6 2-т заасан үндэслэлээр гаргасан саналын томьёоллыг уншиж, томьёолол тус бүрээр санал хураана. Энэ хэсгийг 2019 оны 10-дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан гэжээ. 24-ийн штрик хоёрыг бүтэн долоо хоног хайлаа. Байхгүй. Одоо надад гаргаад өг. Би юун дээр хайсан бэ гэвэл 2022 оны 9 сарын 06-ны өдөр хэвлэсэн, тараасан тамгын газрын ном байна. 102 ба 119 хуудаст хуулбарыг нь хавсарсан байгаа. Би бүх гишүүдэд өгсөн. Байхгүй. Legal Info дээр байгаа гэсэн. Мөн байхгүй.

УИХ-ын энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үедээ ямар ч хуулийн боломжгүй болчихлоо шүү дээ. 24, штрик 6 2-ын хуулийн заалт нь өөрөө байхгүй. Та нар яг одоо хариулахдаа гаргаж өгнө шүү. Байгаа бол камерт харуулаарай.

Хоёрдугаарт

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухайн хуулийн 15-дугаар зүйлийн 3 дахь хэлэлцүүлэг явуулах журам гэдэг дээр мөн энэ байгаа. Гурав дахь хэлэлцүүлгийг явуулахдаа яг үүнийг барина. Байхгүй. 15.2-т заасны дагуу санал хураалт хэрхэн явагдах вэ. Гурав дахь хэлэлцүүлгийг явуулахдаа журмын 15.2-т заасны дагуу санал яаж явуулах вэ? Үүн дээр ажлын хэсэг мэргэн ухаандаа бодчихсон байх гэж найдаж байна. Би өөрийн харьяалагддаг байнгын хорооны хуралдаанууд дээр байнга асуусан.

Миний асуулт ойлгомжтой. Үндсэн хуулийн 21-дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулах өөрчлөлтийг УИХ шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн 69-дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах арга замыг сонгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураагаад өгөөч гэдгийг миний бие хүсээд байгаа юм. Би томьёоллоо хүртэл хэлж байгаа. Гэтэл Засгийн газар хариулт өгөхдөө ард нийтийн санал асуулгын тухай хуулийг ярьдаг. Ард нийтийн санал асуулгын хуулийн тавдугаар зүйл дээр санал асуулга санаачлах эрх бүхий этгээд, 5.1-д ард нийтийн санал, асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний 3/1-ээс доошгүй нь санаачлах эрхтэй гэж байгаа юм. 

Ингээд намайг 25 гишүүний эрэлд хатааж байна. Олдохгүй байна аа. Бүтэхгүй байгаадаа биш. Миний баримталж буй баримтлал юу гэвэл УИХ-ын дэгийн тухай хуулийн 53.2-ыг зааж байгаа. 53.2-ыг та нар хараарай. Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал, асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын нийт гишүүний 3/2-оос доошгүйн саналаар батална гэж буй. Үүнийг баримталж ард иргэдээс санал асуугаад өгөөч гээд байгаа юм.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.