2019.07.18

Н.Энхболд: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг судлах, зөвшилцөх, хэлэлцэх шаардлагатай

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.18) хуралдаан 10 цаг 42 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"62 гишүүн болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан аль аль төслийг хамт хэлэлцэх учраас би саналаа хамтатган хэлье.

1. Хугацаа тогтоохдоо найруулгын хувьд нэмэлт өөрчлөлтийн төслийг судлах, саналын түвшинд харгалзан үзэх гэдгийн өмнө .... судлах, зөвшилцөх, хэлэлцүүлэх шаардлагатай байх тул хугацааг ийнхүү орууллаа гэж оруулах хэрэгтэй байх. Учир нь Д.Лүндээжанцан гишүүн нарын өргөн барьсан төслийг хэлэлцүүлсэн. Иргэдийн саналыг сонссон. Төсөлд ороогүй саналын учир шалтгааныг тайлбарласан. Үүнтэй адил Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн заалт бүрийг тайлбарлах, ойлгуулах нь зүйтэй байх. Энэ нь сөрөг сурталчилгаа болохгүй гэж бодож байна. 

2. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл нь II хэлэлуүүлэг эхэлсэн хойно орж ирсэн учраас зэрэг хэлэлцээд явах боломжгүй. Харин саналын түвшинд хэлэлцээд явж болох байх гэж бодож байна. Энэ төслийг судлах, зөвшилцөх, хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Хэлэлцэх хугацааны товыг 8 дугаар сарын 5, 9 гэх нь тийм ч хол ялгаагүй. МАН-ын бүлэг дээр олон санал гарсан. Энэ нь гишүүд амрах гэсэндээ бус байх. Тиймээс 8/9-ний өдрөөр товыг тогтоохыг дэмжиж байна."