2023.05.19
Н.Учрал: Малчин, багш нар ХБИ зэрэг нийгмийн төлөөлөл Их Хуралд сонгогдож чадахгүй өдийг хүрсэн
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Сууц өмчлөгчдийн холбооны дарга нар шиг, бизнесийн компанийн төлөөлөл шиг ажилласаар өнөөдрийг хүрсэн. Лифтний шинэчлэл, тээврийн засвар ярьдаг. Их хуралд нөлөөтэй асуудлуудаа шийдүүлж чаддаг зарим хэсэг бүлэг шаардлагагүй газар, шаардлагагүй олон хөрөнгө оруулалтыг тавьсаар, улсын төсвөө 76 жижиг тойрогто хувааснаас болоод үндэсний хэмжээнд тулгараад буй том асуудлууд шийдэгдэж чадахгүй өнөөг хүрсэн. Энэ бол тухайн бүлгүүдийн ашиг сонирхлыг сонсоогүйтэй холбоотой. Манай улс шиг өргөн уудам газар нутагтай улсад газар нутгийн төлөөлөл цаашлаад хүн амын төлөөлөл мөн нийгмийн бүлгүүдийн төлөөлөл гэсэн төлөөллийг хангаж байж сонгогчдын санал гээгдэхгүйгээр, Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулиуд батлагдаад, тухайн хуулиуд нь амьдралд хэрэгждэг.
Тэгэхээр бид нар баталж байгаа хуулиудаа ч гэсэн зөв эрэмбэлж чадахгүй байгаа нь жижиг тойрогтой холбоотой. Цаашлаад батлагдсан хуулиудын хэрэгжилт олон дүрэм журмууд буюу хөл гаргүй олон хуулиудаас болоод хэрэгжиж чаддаггүйг гүйцэтгэх засаглал хүртэл харж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингэж явж ирлээ. Миний бие 2016 онд Их хуралд сонгогдохдоо нэг дүүргийн 8 хороог төлөөлж байсан. 2020 онд 28 хороог төлөөлж байсан. Энэ бол зөвхөн тойргоос сонгогдсон. Гэхдээ Их хурлын залуу гишүүний хувиар залуучуудынхаа бодлогын асуудлуудыг орхиж болохгүй гэдэг утгааараа энд нэг тойрог биш нийт залуучуудыгаа төлөөлж байгаа гэдгээр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг ахалж батлуулсан.
Тухайн үед залуу багш нарын холбооны тэргүүн, олон багш нар санал, бодлоо хэлдэг байсан учраас багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Зорилтот бүлгүүд рүү чиглэсэн үйл ажиллагаануудад илүү анхаарал хандуулахыг зорьсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг удаа л малчин сонгогдсон гэж гишүүд хэлж байна. Түүнээс хойш малчид Их Хуралд суув уу? Багш нар Их Хуралд суув уу? хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр Их Хуралд орж ирэв үү? Тэдний зовлон бэрхшээлийг мэдэхгүйгээр бид уран цэцэн болоод бүх салбарыг мэддэг царайлаад, мэдэх юм шиг мэдэхгүй ч юм шиг 30 жилийг өнгөөрөөчихсөн байна шүү дээ
Шилэн ажиллагааг явуулснаар нэг зүйлийг хатуу ойлгосон. Үүний үр дүнд 136 мянган мөр өгөгдөл ил боллоо. Бид нар нээлттэй мэдээлэл, өгөгдөл дээр үнэлэлт, дүгнэлт анализ хийх чадваргүй болчихож. Сургаар асуудалд ханддаг болчихсон. Энэ бүхнээс харахад ХАА-н сан, Тусгай хамгаалалттай газар, жижиг дундын сан, боловсролын зээлийн сан ил болж байна. Нийтдээ Засгийн газрын 5 сан ил болчихсон. Гэтэл энэ сангууд дээр иргэд, олон нийт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлээд үнэлэлт, дүгнэлт хийгээд явахаар тойрж байгаад урд сууж байгаа Их хурлын гишүүний компани болоод таарчихдаг. Нөгөө газар эзэмшиж байгаа нь дахиад л гишүүнийх болж таардаг.
Би нэг зүйлээс айж байгаа. Өнөөдөр Их Хурлын гишүүдийн ихэнх нь бараг уяач. Тод манлай уяач нар. Бүгдээрээ малгайтай шүү дээ. Малгайтууд чинь малчдын төлөөлөл гээд ороод ирэх вий дээ. Мал малладаггүй, морь уядаггүй уяач нар чинь би малчин байна аа гээд дүрээ хувилгаад, зүсээ хувилгаад, шохой барьж хичээл заагаагүй байж би багшийн төлөөлөл гээд ширлээд ороод ирэх вий дээ.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06