2019.09.04

Л.Болд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн гол эрх зүйн үндэс нь ард түмний хүсэл сонирхол байх ёстой

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ. 

Төслийн "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах" - тай холбоотой  саналын томьёоллоор санал хураалт  явагдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар саналтай холбогдуулан гишүүд байр суурь илэрхийлж байгаа юм. 


УИХ-ын гишүүн Л.Болд "Өөрчлөлт орж байгаа заалтуудыг харахаар сэтгэл хангалуун биш байна. Ялангуяа, энэ асуудал нь төрийн жинхэнэ албыг хамгаалах, төрийн албаны тухай хуулийг үндсэн хуулийг хамгаалалтад оруулах заалтууд нь байхгүй.  Тэгээд жижиг нэр томьёо хөөцөлдөөд байна. Өнөөдөр тулгамдсан том асуудлууд байгаа шүү дээ. Тойроод яваад байна. Үндсэн хуулийн энд бид "мэддэг царайлж" батална гэдэг нь өөрөө Үндсэн хуулийн зарчим байж чадахгүй.  Бид ард түмнийг төлөөлсөн элч, төлөөлөгчдийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн гол эрх зүйн үндэс бол ард түмний хүсэл сонирхол байх ёстой. Ард түмэн өнөөдөр яг юу хүсэж байна вэ? Энэ талын судалгаа, ард түмнээс чиглэл авах асуудал маш их орхигдоод байгаа юм. "Шударга иргэдийн эвсэл" -ийнхэн бид ард түмний хүсэл сонирхлоор байгуулагдсан хувьд асуудал дээр заавал иргэдийнхээ саналыг авч, саналаа илэрхийлж, саналаа өгнө гэдгээ илэрхийлж байна. Төрийн албаны хувьд ч бид энэ зарчмаа барьж байгаа. Төрөл бүрийн ажил мэргэжлийн бүлгийнхэнтэй уулзаж байгаа. Ингэж иргэдээс саналыг нь авч байж Үндсэн хуулийн өөрчлөлт жинхэнэ утгаараа хэрэгжих, ард түмний хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг хийж боломж бүрдэх юм "