2019.08.28

М.Билэгт: УИХ-ын гишүүдийн тоог одоогийнхоос нэмэх шаардлагагүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаан  15 цаг 30 минутанд эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг харахад ард түмний хүлээж байсан өөрчлөлтийг хийж чадах уу гэж эргэлзэхэд хүрч байна. Ард иргэд Монголын төр, төрийн алба, эрх мэдэлтнүүдийг зөв, шударга, ёс зүйтэй, ард түмнээ, эх орноо гэх сэтгэлтэй, хууль зөрчихгүй шийдвэр гаргадаг, авлига авдаггүй орчныг бий болгож өгөхийг хүсээд байна. Гэхдээ эндээс харахад өмнөх Үндсэн хууль муудаа биш өмнөх үндсэн хуульд байгаа заалтуудаа 28 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирээгүйд гол учир байна. Ерөнхийлөгчийн болон 62 гишүүний төслийг нэгтгэх гэхээр байгалийн баялаг хэний өмч болох тухай асуудал үүсэж байна. Угтаа 1992 оны хуулиар төр нь нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшид, хүн ам нийгмийн хөгжлийг хангахад нийуүүлсэн эдийн засгийг зохицуулахад анхаарна гэсэн. 6 дугаар зүйлд Монгол улсад газар, түүний хэвлий, ой ус амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж тодорхой заасан байгаа. Харин 6.2-т нэмэлт зүйл оруулж ирж байсан. Одоо байгаа нь Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн баялаг, ой усны нөөц ан амьтан төрийн өмч мөн гэж байна. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр өөр заалт орж ирж байна. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн баялаг, ой усны нөөц ан амьтан төрийн өмч мөн гэж заасныг одоо энэ нь нийтийн өмч гэсэн байна. Нийтийн өмч болчихвол энэ бүхэн зөрчил үүснэ гэж эрдэмтэд үзэж байна. Төрийн эсвэл нийтийн гэсэн ойлголт гарч ирээд байна. Зарчмын маш том ялгаа үүнд байна. 

Төр бол өөрчлөгдөхгүй. Харин Засгийн газар өөрчлөгддөг. Тиймээс дээрх заалтыг төрийн гэдгээр нь явуулах нь зүйтэй. Нийтийн өмч гэвэл бүх нийтийнх гэдэг утгаараа эзэнгүй болох эрсдэлтэй. Улсын өмчийг төр засаг яаж захиран зарцуулах тухай хууль батлах хэрэгцээ үүсэж байна. Уг нь бид иргэний хуульдаа нийтийн ба хувийн өмч гэж байна. Нийтийн өмч нь төрийн болон орон нутгийн шашны олон нийтийн гэсэн хэлбэртэй байна гэж тодорхойлсон. Төрийн өмчийн эзэн нь бүх иргэдээс сонгон байгуулсан УИХ мөн. Захиран зарцуулах эрх мэдэл УИХ-д байх ёстой. Харин нийтийн өмч дотроо дээрх байдлаар хэлбэрждэг тул захиран зарцуулах эрх нь тэдгээр байгууллагуудад байна. Тиймээс НИЙТИЙН гэсэн нэр томъёо ойлгомжгүй байгааг хэлмээр байна.

Мөн гишүүдийн тоог нэмэх тухай санал орж ирсэн байна. 108, 99 болгох тухай ярьж байна. Үүнд тоо нь цөөдсөндөө биш сүүлийн 28 жилд УИХ-д сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл иргэдийг төрд итгэх итгэлгүй болгож байна. Тиймээс 76 аараа байгаад, харин хариуцлага тооцох механизмыг нь нарийн оруулах боломжтой гэж үзэж байна. Жишээ нь Монгол Улсын байнгын ажиллагаатай Улсын бага хурал 50 гишүүнтэй байсан. Нийгмийн шилжилтийн үед маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Үндсэн хуулиа батлуулсан. Зах зээлийн эдийн засгийн нийгэмд суурь хуулиудыг батлах эхлэл тавьсан. Эрх ашгийн зөрчлийн үүднээс хариуцлага тооцож чадаж байсан. 1992-1996 оны парламентын үйл ажиллагаа шиг бид ажиллах ёстой. Тоо нэмэх хэрэггүй.

Иргэдийн хүсэн хүлээж байгаа хууль, шүүхийн шударга байдлыг хүсэж байна. Мөн иргэдийг ажил орлоготой болгох ажлыг 30 жилийн өмнө байсан нөхцлийг бүрдүүлж өгнө үү? Бид импортлогч орон боллоо. Үйлдвэрлэл алга. Үүнийг төр бодлогоор дэмжих ёстой."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт, ажлын хэсгийн гишүүн Н.Лувсанжав нар хариуллаа.