2019.08.29

О.Баасанхүү: Намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуул гэж шахаж болохгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Нам бол салбараас хамаарахгүй бодлогоо улсын хэмжээнд явуулна гэж ярьж байна. Үүнийг бодохоор тодорхой бодлогоо улсын хэмжээнд таниулах уу, сурталчилах уу, улсын хэмжээнд ярих уу гэж ялгахад хэцүү болно. Жишээ нь утааны асуудлыг шийднэ гээд нэг нам мөрийн хөтөлбөртөө орууллаа гэж бодоё. Гэтэл утаа бол нийслэлийн асуудал, аймгийн төвүүдийн асуудал. Улсын хэмжээг хамрах асуудал биш болно. Үүнийгээ хэрхэн таниулах вэ гэдэг асуудал үүснэ. Салбар нэгжгүй учраас яах вэ? Сонгуулийн хороо тухайн нам сонгуульд оролцох чадамжтай эсэхийг шалгана шүү дээ. Мөн намд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах зардал байна. Үндсэн хуулийн үндсэн санаа бол хаа сайгүй байгаа улс төржилт, талцал хуваагдлыг цэгцлэх зорилготой байсан хэдий ч Ерөнхийлөгчийн санал гэж ойлгомжгүй зүйл ороод ирсэн. Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлд санал гаргах ёстой болохоос нэмээд шинэ санал гараад явна гэж байхгүй. Улсын хэмжээнд нам үйл ажиллагаа явуулна гэдгийг дэмжмээргүй байна."