2019.08.29

Ц.Цогзолмаа: Улс төрийн намын төлөвшлийг бий болгох өөрчлөлт Үндсэн хуульд орох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн 30 жилийг дүгнэж, ирэх жилүүдийн нөхцөл байдлаа тодорхой болгох зорилгоор өөрчлөлт хийж байна. Тиймээс өнөөгийн улс төрийн намуудад гэрэл гэгээ тусгаж, шинэчлэл хийсэн заалтууд ороосой гэж үзэж байна. Улс төрийн намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж заалт орсон байна. Цаашдаа улс төрийн нам хэрхэн хөгжих вэ? үзэл баримтлал нь тодорхой байна уу? Улсын хөгжлийн бодлогод суурилсан үзэл баримтлал байна уу? Намыг бүрдүүлж байгаа үзүүлэлтүүдийг бүгдийг багтааж өөрчлөлт оруулж чадаж байна уу гэдгийг бид болох ёстой.

Улс төрийн нам 4 жил биш урт хугацааны 10-20 жилийн хөгжлийн бодлоготой байх ёстой. Намын боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх вэ? Залуучууд нам дагаж гүйдэг биш улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах ёстойг бодолцож энэ чиглэлд өөрчлөлт оруулах ёстой. Мөн намын санхүүгийн ил тод байдлыг тодруулах тал дээр Үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой."