2019.08.30

О.Баасанхүү: Хүнд таалагдах гэж Үндсэн хуулийг бичдэггүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Үндсэн хуулийг яах гэж өөрчилж байна вэ? Үндсэн хуулийг нийгмийн суурь харилцаа өөрчлөгдөхөд хуулиа өөрчилж байдаг. Харин өнөөдөр ямар хэрэгцээ байна вэ гэвэл МАН 65-аа яаж УИХ-д багтаах вэ, Ерөнхийлөгч дэргэдэх хэдэн хүнээ бас яаж оруулах вэ л гэдэг зорилгоор өөрчлөх гээд байна.

Хүнд таалагдах гэж Үндсэн хууль бичдэггүй. Нийгмийн суурь харилцаанд юу хэрэгтэй байгааг л Үндсэн хуульдаа зохицуулахаар оруулдаг. Бодлого сайн бол бүх юм болох гээд байгаа юм биш эх орноо бодохгүй, юу чухал гэдгээ мэдэхгүй, олон нийтэд таалагдах л гэсэн зүйл хийгээд байна. Одоо Үндсэн хуулиа баталчихаад шинэ хууль батлагдсан учраас шинэ бодлоготой болно гээ явах уу?"