2019.08.29

Д.Оюунхорол: Улс төрийн намын шалгуурыг өндөрсгөх ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

"Би энэ саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Өнөөдөр Монголын нийгэмд улс төрийн намыг үнэлэх үнэлэмж, иргэдийн иргэдийн улс төрийн намуудад хандаж байгаа хандлага, нийгмээ яаж хагалж байгаа. Нөгөө талаас улс төрчийн ёс суртахуун доройтож, хууль цаазаа үл сахих, төрийн доройтол нүүрлэж болдгын бодит жишээг өнөөдрийн улс төрийн амьдрал дунд харж байна. Тиймээс намуудыг төлөвшүүлж, хариуцлагажуулах, санхүүжилтийг ил тод болгох тухай Үндсэн хуульд оруулах шаардлагатай. Намуудад тавих шалгуур, шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээс харахаас өөр аргагүй болсон. Жишээ нь дүүрэг, аймаг, суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг намыг тусад нь бүртгэж болно. Тиймээс тэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж зарим гишүүд хэлж байна. Бид энэ заалтыг олон удаа ярилцаж байж энэ саналыг оруулсан.

Намын хэв маяг улам нарийсч хүчтэй болж байгааг бид мэднэ. Борооны дараах мөөг шиг олон болж байна. Үйл ажиллагаа явуулах нь сайн хэдий ч ямар олон нийтийг төлөөлж, ямар асуудалд анхаарч байна вэ гэдэг нь чухал. Нөгөө талаас нам төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагаанд дунд ба анхан шатанд алинд нь оролцсон ч ард түмний дуу хоолой болж төлөөлөн оролцох гэж байна. Бид энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас төрийн нэр хүнд унах, үнэлэмж унах, ард түмний итгэл алдарч байгаатай холбоотой.

Улс төрийн намуудын зохицуулалтыг нарийн болгож хуульчлах ёстой. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, хатуу гишүүнчлэлийн асуудлыг улс төрийн намын тухай хуулиа эргэн харах хэрэгтэй байх. Тиймээс тусад нь ярих ёстой.

Улс төрийн намын оролцоо шинэ хэлбэр бол төр нам 2-ыг улам ойртсон байна гэдгийг харж байна. Тиймээс шалгуур шаардлагаа өндөрсгөж байж, дотоод ардчиллыг бэхжүүлж, санхүүжилтийг ил тод, боловсон хүчний бодлогын нарийн шалгуур Мерит зарчимаар явуулдаг байхыг зааж өгснөөр бидний олон асуултанд хариулт өгөх байх.

Бид улс төрчдийг дүлий байна гэж ярьдаг. Нийгмийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж, уян хатан шуурхай, түгээмэл сувгуудыг ашиглаж чадахгүй байна гэдэг. Эдгээрийг засах шаардлага байна. Намын хөгжил, чиг хандлагад улсынхэмжээнд үйл ажиллагаа явуулж байж төрийн анхан дунд дээд шатанд орох эрхийг Үндсэн хуулиараа зааж өгөх нь чухал ач холбогдолтой юм."