2023.05.05

Д.Сарангэрэл: Гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ сайн асууж байж өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Үдээс өмнөх төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ҮХНӨ-ийн тухай болон сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр миний бие гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол хувь гишүүний байр суурь гэхээс илүүтэй Хан-Уул дүүргийн 260 гаруй мянган хүнийг төлөөлж буй хүний хувьд тойргийнхоо иргэдийн байр суурийг илэрхийлсэн хэрэг. Хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр асуудлаар өөрийнхөө байр суурь болон хуулийн өөрчлөлтийн талаар нэлээн сайн тайлбарлалаа.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал нь өөрөө парламентын бүрэн эрхийн асуудал, ажлын хэсэг байгуулагдана. Эндээс ярилцаад гаргахад нээлттэй байгаа гэдгийг хэлсэн учраас уг асуудалд тогтож ярих шаардлагагүй боллоо.

Иргэдийн саналыг уламжилж байгаа хэрэг. Манай улс том газар нутагтай. Ард иргэд маань энэ том нутагтаа тархан суудаг. Тиймээс тойрог төлөөлөх гишүүдийн тоог бууруулах тал дээр иргэд хатуу байр суурьтай байна лээ. Холимог тогтолцоог шүүмжилнэ гэхээс илүүтэй аль аль нь тэнцвэртэй байх нь өөрөө парламент ард түмнийг төлөөлөх боломжийг нээж өгнө гэдэг байр суурийг илэрхийлсэн.

50/50 хувь байх нь өөрөө хуулийн амин сүнс юм гэдгийг би дэмжиж байгааг энэ дашрамд илэрхийлж байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр хэд хэдэн дэвшил гарч байгааг илэрхийлэх гэсэн юм. Түрүүн С.Одонтуяа гишүүн хэлж байна. Бид нар олон жил жендерийн тэгш байдлыг ярьсан. УИХ дахь 13 эмэгтэй гишүүн олон хуулийн төсөл дээр ажилласан. Хүүхдийн хамгаалал, чихрийн агууламж өндөртэй ундааны татварыг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийг оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг олон асуудлыг бид нар хөндсөн.

Гурван гол асуудалд анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Энэ нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Гурван гол асуудал буюу жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг энэ хуулийн өөрчлөлтөөр оруулаад ирж байгаа нь том дэвшил гэж үзэж буй.