2019.09.06

Б.Энх-Амгалан: Сайд нь мэргэжилтэнгээ ч томилж чадахгүй болчих вий!

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно"  гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм. 


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Үндсэн хууль хэлэлцэж байхад бүлэг, байнгын хороо дээр тохирчихсон, ард түмэнтэйгээ тохирчихсон асуудлуудаа чуулган дээрээ дэмжээд явчихмаар байна. Яг тулаад санал хураалт явуулахаар саналыг унагаагаад байна. 

Төрийн албан хаагчидтайгаа холбоотой асуудал дээр бид одоо байгаа төрлийн албыг төрийн алба болчихсон, чадваргүй албан хаагчдыг чадвартай болгоё гэж хэд хэдэн асуудал ярьж байгаа юм. Төрийн алба бол үндсэндээ өндөр ур чадвартай, өндөр ёс зүйтэй, туршлагатай хүмүүс ажиллах шаардлага, хэрэгцээ байгаа. Үүнийг Үндсэн хуульд оруулж өгөөд, салбар хуульд сайн зааж өгөх хэрэгтэй. Салбар хуульд сайн зааж өгөхгүй бол мэргэжилтэнгээ ч сайд нь томилж чадахгүй болно. Би Үндсэн хуулиар хамгаалагдсан гээд Үндсэн хуулийн цэц рүү гүйгээд байдаг болно. Үүнийг найруулгаараа сайн харж, тунгааж батлах хэрэгтэй.