2019.07.18

Б.Бат-Эрдэнэ: Иргэд, олон нийтэд төслийн танилцуулга мэдээллийг илүү сайн өгөх хэрэгтэй байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төслийг үдээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдийг зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж үзсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байнгын хорооны даргаас асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Бид өмнө нь тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал авч ажилласан. Тэр үед иргэд хамрагдах нь бага байсан. Зун цаг эхэлсэн байсан. Зуны ажил их байсантай давхцаад хангалттай хамрагдаж чадаагүй шүү.

1. Одоо Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр 8 сарын 9 хүртэл хэлэлцүүлэг зохион байгуулна гэж байна. Энэ нь ард иргэдийн дунд биш юм байна гэж ойлголоо. Иргэнийнийгмийн болон улс төрийн намын байгууллагууд энэ төслийг ажлын хэсэг дээр нилээдп нягтлан ажиллана гэж ойлголоо.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нэг ахиц гарч байгаа нь нийгмийн хүрээний зөвшилцөл юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн саналыг аваад АН-ын зөвлөл хамрагдаад зөвшилцөөд, хэлэлцүүлээд явах юм байна. Ингээд 8 сарын 20-д хүрээд хичээл сургууль эхлэх дөхөөд, нийгмийн амьдрал идэвхжээд ирэхээр ард иргэдийн санал асуулга явуулна гэж ойлголоо.

Би тодорхой зарчмын зөрүүтэй санал оруулсан. Гэвч дэмжигдээгүй. Хөндөгдөөгүй зүйл заалт дээр санал оруулсан учраас хүлээн авах боломжгүй гэж дэд ажлын хэсэг хариу өгсөн. Гэсэн ч үүнийг Ерөнхийлөгч дахин хөндөж оруулж ирж байгаад сайшаалтай байна.

2. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Үүнийг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэх вэ?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. Үүний дараа Б.Бат-Эрдэнэ гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. 

"Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн зөвшилцлийн ажлын хэсэгт О.Баасанхүүг нэмчихвэл парламентад суудалтай намуудын төлөөлөл хамрагдах юм байна. Хэдийгээр АН-ын зөвлөлтэй нэгдсэн байр суурьтай байгаа гэж байгаа хэдий ч нэг намын төлөөлөл учраас оруулбал зүгээр санагдаж байна.

АН-ын зөвлөл 2 ч удаа үндсэн хуулийн хэлэлцүүлэг болоход хурал хаяад гарсан. Одоо ажлын хэсэгт орж ирж байгаа нь сайн хэдий ч төд удалгүй хаяад явчихав даа. Хариуцлагатай ажил шүү.

Ер нь ойлголцол, зөвшилцлийг ойртуулах шаардлагатай байна. Улс төрийн намуудын санал авсан гэсэн. Хэвлэл мэдээллээр гарч байгааг харахаар санал нийлэхгүй байгаа тохиолдол байгаа шүү. Энэ тал дээр ажлын хэсэг ямар ажил хийж байна вэ?"