2023.05.05

Б.Баттөмөр: Улс төрийн шинэчлэлтэй зэрэгцэж эдийн засгийг өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Аливаа өөрчлөлт шинэчлэлийг авчирдаг гэдэг утгаараа үүнийг яриад явах нь зүйтэй. Гишүүдийн тоог 152 гэж өргөн баригдснаас хойш нийгмийн сүлжээн дэх хүмүүсийн санал тоо их байна гэсэн зүйл яригдаж буй. Үүнийг хэлэлцүүлгийн явцад анхаарах хэрэгтэй. Япон, АНУ, Европод тийм байдаг гэж байна. Аливаа зүйл эдийн засгаар баталгаажсан л байх ёстой. Улс төр, сонгуулийн тогтолцоо эдийн засгаар хэр зэрэг яаж баталгаажсан бэ. Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил явахдаа 15 тэрбум долларын л эдийн засгийг бий болгосон. Дэлхийд 15 тэрбум доллараас дээш орлоготой 13.500 компани байна. Монгол улс Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойтоогоо нийлээд 13.500 компанийн ард жагсаж байна. Нэг хүнд ноогдох ДНБ 12 оны жилийн эцсээр урьдчилсан байдлаар 5032 доллар болж, одоо л 5000 мянга давж байгаа.

Азийн хөгжлийн банкны сүүлд гаргасан судалгаагаар 10000 доллараас доош ДНБ-тэй улс ядуу оронд хамаарч байгаа. Эдийн засгаар баталгаажихгүй байгаа учраас үүнийг ярьж байна. 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил мухардалд орчихсон. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. гадаад өрийн хэмжээ 33.4 тэрбум доллар. Эдийн засаг нь өсдөг боловч өгөөжгүй, хүртээмжгүй. Нийт иргэдийн 27 дээр нэмэх нь 15 гээд 42 орчим нь ядуурах болчихсон. Бүтээмжийн өсөлт, баялагийн менежмент муугаас баялагийн хараат байдалд өртчихсөн. Чөтгөрийн тойрогт орсон. Энэ тойргоос гарахад 10 жил хэрэгтэй.

Тиймээс улс төрийн шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн шинэчлэлийг давхар бодож байх хэрэгтэй. Үүнийг би зориуд сануулж хэлмээр байна. Том юм ярьж, мөрөөдөж болно. Эдийн засгийн асуудлаа давхар авч явах ёстой. 30 жилийн мухардал сонгуулийн тогтолцоонд болон бидний алдаанд байсан. Хоёр хөрш маань Монголд маш таатай хандаж ирсэн. Өнөөдөр ч таатай хандаж байгаа. Гурав дахь хөршүүд маань бидэнд таатай хандаж ирсэн. Яагаад мухардалд орчихож байна вэ гэхээр бид нартай холбоотой. Монгол хүмүүстэй холбоотой. Монголчууд бид улсаа хөгжүүлж чадаагүй. Энэ нь сонгуулийн тогтолцоонд байна уу, юундаа байна вэ?

1992 онд нэг гишүүнд 27 мянган сонгогч оногдож байсан. Одоо 41.7 болох юм байна л даа. 1992 онд чинь цахим орчин зэрэг байгаагүй шүү дээ. Өнөөдрийн биднийг Монгол даяар хараад сууж байгаа шүү дээ. Төлөөлөх, мэдээлэл авах орчин маань 1992 оноос өөр болсон. Үүнийг анхаарч, хүн амын тоо, гишүүдийн тоогоо тооцох хэрэгтэй. Зарим улсад 2, 3 сая хүнийг төлөөлж байгаа газар байгаа шүү дээ. Эцсийн эцэст сонгуулийн төгс тогтолцоо гэж дэлхийд хаана ч байхгүй. Санал гээгддэггүй систем хаана ч байхгүй. Тиймээс Монгол улсын онцлогт тохирсон тогтолцоог олж авах нь зүйтэй.

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.