Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцана уу
УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Уншигчдын хүсэлтээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна.
Та бүхэн энэхүү хуулийн төсөлтэй танилцаж, саналаа дараах байдлаар өгөх боломжтой.
-
“Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд” гэсэн хаягаар ирүүлээрэй. Таны бичгээр илгээх саналыг “Монгол шуудан” компанийн бүх салбарууд үнэ төлбөргүй хүргэх болно.
-
Цахимаар санал өгөх бол forum.parliament.mn хаягаар, фэйсбүүк дэх “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” хуудсаар дамжуулан өгөх боломжтой.
-
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн аппликэйшнийг гар утсандаа төлбөргүй татан суулгаж, саналаа өгөх боломжтой.
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
1/Хорин наймдугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
“3.Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр Улсын Их Хурлын дарга түр хороо байгуулна.
4.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.”
2/Дөчин зургадугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
“4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
5.Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно.”
3/Хорин тав1 дүгээр зүйл:
“Хорин тав1 дүгээр зүйл
1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Улсын Их Хурал үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ.
2.Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
Хоёрдугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно;” гэсэн хоёр дахь өгүүлбэр, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “сонгуулийн” гэсний дараа “тогтолцоо,” гэж тус тус нэмсүгэй.
Гуравдугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Монгол Улсын Ерөнхийлөгч дараахь тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
1/Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн;
2/Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.
Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
2/Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.”
3/Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”
4/Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.”
5/Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.”
6/Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.”
7/Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.”
8/Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар доор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй, дотоод хэргийн яам;
2/Сангийн яам;
3/Гадаад хэргийн яам;
4/Батлан хамгаалах яам;
5/Байгаль орчны яам.
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар Улсын Их Хуралд саналаа оруулж болно.”
9/Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.”
10/Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна.”
11/Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
“1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.
2.Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
12/Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.”
Дөрөвдүгээр зүйл. Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэснийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж, Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн ашиг сонирхолд” гэснийг “үндэсний язгуур ашиг сонирхолд” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн” гэснийг “нийслэл, хотын” гэж, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “гучин тав” гэснийг “дөчин” гэж, “хорин таван” гэснийг “гучин” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ажиллана” гэснийг “ажиллах бөгөөд арван нэгэн гишүүнээс бүрдэнэ.” гэж, Тавин наймдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жардугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран гуравдугаар зүйдийн 1 дэх хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/,” гэж, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн” гэснийг “нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн” гэж, “Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын” гэснийг “Эдгээр Хурлын” гэж тус тус өөрчилсүгэй.
Тавдугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг” гэснийг хассугай.
Зургадугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Долдугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн, Гуравдугаар зүйлийн 2, 6, 10 дахь хэсэг болон Зургадугаар зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар тус тус дагаж мөрдөнө.