Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы Мягмар (2019.06.18) гарагийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Тус ажлын хэсэг өнөөдөр (2019.06.19) хуралдав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дээрх тогтоолыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон юм.
Тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон байна.
Дэд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллана. Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус тусын үүрэг бүхий 6 дэд хэсэг ажиллах юм. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан ахална.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг Монгол Улсын гавъяат хуульч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар тус тус ахлан ажиллах юм байна. Харин Томъёоллын ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргалаар ахлуулахаар тогтоолын төслийн хавсралтад дурджээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн үйл ажиллагааны талаар зөвлөмж өглөө. Мөн тэрбээр төслийн хэлэлцүүлгийн үе шат, явц болон төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ дагуу шуурхай, нягт нямбай ажиллах шаардлага бий гэдгийг анхааруулав. Төгсгөлд нь дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар ерөнхий мэдээллийг хурлын үеэр танилцуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06