Шадар сайд Ө.Энхтүвшин "The Hu" хамтлагт талархал илэрхийллээ
2020.07.06

Шадар сайд Ө.Энхтүвшин "The Hu" хамтлагт талархал илэрхийллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "The Hu" хамтлаг болон тус хамтлагийн "Гэрэг" тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. 

Дэлхийг тойрох аялан тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулан өнгөрсөн сарын 29-нд МҮОНРТ-ээр хандивын тоглолт зохион байгуулсан юм. Тус тоглолтоор, УОК-ын дансанд 55 сая төгрөг цугларчээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын үеэр тоглолт зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлээд, "Монголын ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн шийдвэрээ хүндэтгэдэг, ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түтмэн гэдгээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд харууллаа.

Түүний хүчинд, өнөөдөр хүртэл Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаагүй байна. Та бүхэн Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж, нэрийн хуудас нь болж буй хамт олон. Бид цар тахлыг эрсдэл багатай давж гарахын төлөө хичээн зүтгэнэ. Тэр үед дэлхийд дахин Монголын нэр цуурайтах биз ээ. Энэ цар тахалтай тэмцэхэд та бүхний, иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна" хэмээгээд урлагийн амжилт хүссэн юм.