2019.06.18

Ц.Гарамжав: Хөдөлмөр эрхлэлтийг цэргийн алба шиг зайлшгүй болгох нь зүйтэй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

"Анхдугаар шинэ үндсэн хууль 28 жил хүчин төгөлдөр үйлчилж байсан ч эдийн засгийн талын эрх үүрэг хомс байсан. Одоогийн өөрчлөлтөөр ч гэсэн хангалттай ороогүй байна. Зургадугаар зүйл дээр байгалийн баялгийг тэгш хуваарилна гэсэн ганц заалт байна. 

Өнөөгийн Монголын нийгэмд үүсээд байгаа нэг асуудал бол өмчийн харилцааны ялгавартай байдал юм. Нэг хэсэг нь өмчирхөг. Нөгөө хэсэг нь ядуурсан. Ядуурал 27,9% байна. Гол нь ажилгүйдэлтэй энэ нь холбоотой. Ажлын байрыг бий болгож байгаа иргэдийг хэрхэн дэмжих вэ? Иргэн заавал хөдөлмөр эрхэлж байж, нийгмийн баялгаас илүү хүртдэг урамшууллын зохицуулалтыг яаж оруулах вэ? Ажил хөдөлмөрийг цэргийн алба шиг зайлшгүй болгомоор байна. Халамжийн бодлого явсаар байгаад мөхөлд хүргэсэн гашуу жишээ олон улсад бий.

Ерөнхий сайд танхимаа томилж, хариуцлага хүлээлгэд зарчим нь зөв оруулсан. нэг сайд огцорход танхимаараа огцордог байх нь зөв. Мөн давхар дээлийг хязгаарлалттай болгосон нь зөв. Үүнийг дэмжиж байна.

Шүүх засаглалыг хариуцлагатай болгох, шүүгч нарын талаар нийгэмд гарч байгаа зөрчлүүд, доройтлыг засах Шүүхийн хариуцлагын зөвлөл гэж бий болгох нь зүйтэй."