Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн талаарх цахим хурал боллоо
2017.07.18

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн талаарх цахим хурал боллоо

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хүрээнд “Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын цахим хурал” өнөөдөр (2017.07.18) Төрийн ордонд боллоо.

Цахим хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Цэрэнбат, Д.Гантулга, Ж.Батзандан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав болон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцов.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийн дүнг эцэслэн хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганд өргөн мэдүүлэхээр болсон гэдгийг онцлов.

Цахим хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Лхамжав “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж” (http://forum.parliament.mn дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү)-ийн, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийн зохион байгуулалтын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Цахим хуралд оролцсон аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлынхаа талаар товч танилцуулсны дараа Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хуваалцав. Тухайлбал, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн төлөөллөөс олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлгийг хийх хугацаа болон хэлэлцүүлэг болох сумдыг өөрчлөх саналыг тавьж байв. Мөн Дархан-Уул аймгийнхны зүгээс олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан учир дахин явуулах шаардлагатай эсэхийг, Баянхонгор, Булган аймгийнхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн зургаан сэдвийн хүрээг нэмэгдүүлэх боломж хэр байгааг, Увс, Өвөрхангай аймгийн төлөөллөөс хэлэлцүүлэг зохион байгуулах зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар илүүтэй тодруулж байв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, зарим аймаг орон нутгийн байдлыг харгалзан олон нийтийн хэлэлцүүлэг явуулах сумдыг өөрчлөх, хугацааг нь наашлуулах, цаашлуулах асуудлыг зохицуулах боломжтой. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сэдвийг Улсын Их Хурлын тогтоолоор хязгаарлахгүй. Иргэд, олон нийтийн олонхийн саналыг үндэслэн өөрчлөлт оруулах сэдэвт нэгтгэж болно гэсэн хариулт өгөв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулганаар батлах хүртэл хэдэн ч удаагийн хэлэлцүүлэг явуулж болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоо тасралтгүй байх нь чухал гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана. УИХ-ын Тамгын газраас аймаг орон нутагт бүсчилсэн сургалт явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулна. Эхний шатны хэлэлцүүлгийн зардлыг Засгийн газар, хоёр, гуравдугаар шатны хэлэлцүүлгийн зардлыг орон нутгийн төсвийн хүрээнд зохицуулахаар шийдвэрлэсэн гэдгийг хэллээ.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн  хэлэлцүүлгийн эхний шат болох нийслэл, 21 аймгийн  олон нийтийг хамарсан бүсчилсэн сургалтуудыг энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 04-ний хооронд УИХ-ын Тамгын газраас зохион байгуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.