Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах саналыг дэмжив
2019.11.13

Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах саналыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж ажлын баг болон зөвшилцлийн багаас гаргасан 11 найруулгын саналаар санал хураан шийдвэрлэв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нарын гаргасан “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжлээ. 

Мөн төсөлд “УИХ-ын сонгуулийг олонхыг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө” гэсэн агуулгатай өгүүлбэр нэмэх ажлын багийн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн энэ зохицуулалт нь 2024 оноос хэрэгжихээр тусгахыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Түүнчлэн, "Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэснийг, "Улсын хэмжээнд бодлого гаргаж үйл ажиллагаа явуулна" гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувь нь дэмжив. Үүнээс гадна, "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийн хуулиар тогтооно" гэсэн өгүүлбэр нэмэхийг олонх дэмжив.