Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах саналыг дэмжсэнгүй
УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.
Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн заалтыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд үг хэлж байна. Төслийн заалтын талаар гишүүд 10 хүртэл минут үг хэлнэ. Заавал 10 минутаа дуусгах ёсгүй. Бүгд 10 минут үг хэлвэл нэг заалт дээр 3 цаг зарцуулахаар байна гэдгийг УИХ-ын дарга хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудыг бүлэг, бүлгээр нь хэлэлцэж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн. Иймд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гаргасан улс төрийн намуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж хэсэг нэмэх заалтыг оруулсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.”гэж өөрчлөн найруулахаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус гаргасан байлаа.
Гишүүдийн зүгээс төсөлд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт зэрэг суурь зарчмыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй. 330 сум,1660 баг,160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, цаашлаад иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэх, жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарласан болон шинэ нам байгуулах боломжийг хаасан асуудал үүсэх вий хэмээн олон талт байр суурийг илэрхийлсэн.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтыг цахимаар явуулахыг дэмжиж байгаа ч техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Иймд техникийн гацалтаас болж гишүүний санал ороогүй, эсрэг гарсан тохиолдолд үүнийгээ протоколд тэмдэглүүлж, дэмжсэн, дэмжээгүй аль нэг саналд тоог нь нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.1 хувь нь дэмжив.
Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн хэсэг нэмэх төслийн заалтын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 16.1 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр үдийн завсарлага болсон тул хуралдаан түр өндөрлөж, үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06