2023.05.19

Ц.Туваан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь тогтолцооны өөрчлөлтийн эхлэл болох ёстой!

УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байна. Хууль гэдэг чинь нийгэмд болж буй харилцааг зохицуулах үүрэгтэй. Ингэхдээ муутгаж бус сайжруулах ёстой. Тэгэхээр бид сайжруулах тал руу нь өөрчлөлт хийх нь зүйн хэрэг юм. ҮХНӨ оруулах асуудлаар Төв аймгийн 27 сум, 97 багын нэлээдгүй хэсгээр ажилласан байна. Иргэдийн хувьд 152 гэдэгт тоонд дургүй байна. Учир нь тоондоо бус төрдөө буюу УИХ, Засгийн газар, удирдаж байгаа хүмүүст сэтгэл ханамжгүй байгаагийн дээр үнийн өсөлт, амьжиргаа дордсон байдалдаа ихээр бухимдаж байна. Монголчууд төрдөө хайртай ард түмэн. Эрх барьж буй бидний арчаагүй байдлаас үүдэн ийм нөхцөл үүссэн. Монголчууд нүүдэлчин ард түмэн, өөрчлөлт шинэчлэлд таатай ханддаг улс.

1992 оны Анхдугаар Ардчилсан Үндсэн хуулийнхаа будаг нь ханхалсан машиныг унаад гарсан улс. Энэхүү машин маань 31 жил явлаа. Өнгөрсөн хугацаанд гарсан ахиц, дэвшил цөөнгүй бий. 31 жил тасралтгүй явсан машин маань хуучирч, шинэчлэл өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүслээ. Холимог тогтолцоо дээр иргэдийн айдаг нэг л зүйл бий. Энэ нь хулгайч, авлигач хүмүүс намын жагсаалтын ард жагсаж орж ирэх буюу “Хаалгаар гаргаад хаяхаар, тооноор ороод ирнэ” гэх асуудал. Ийм зүйлийг л хийхгүй бол ард иргэд жагсаалтаас айхгүй.

Ардчилсан нам тооно оо торлоно, гагнана. Хуульчид, малчид, тариаланчид, ногоочид, багш, эмч, инженер, эдийн засагч болон  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, дуу хоолой болж чадах иргэдийг оруулна гэж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч мөн адил ингэж үзэж байгаа гэж ойлгож байгаа. Холимог тогтолцоон дээр иргэдийнхээ итгэлийг бүү алдаарай.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль орж ирсэн. Үүн дээр ардчилсан намын бүлэг хаяад гарсан. Үлдсэн хэд маань хэд хэд буцааж байгаад баталсан. Эргээд МУ-ын ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг нь бид хүлээн авсан. Монголын төр ийм эргүү хурга шиг эргэж буцсан шийдвэр гаргах нь зөв үү. Үүн дээр мэргэжлийн хуульчид, парламентчид дутагдаж байна.

Монгол Улсын баатар н.Намхайнямбуу гуай парламентад сууж, малчдын дуу хоолойг маш сайн хүргэж байсан түүх бий. УИХ дээр батлагдаж буй хуульд эдгээр хүмүүсийн дуу хоолойг тусгаж, амьдралтай шийдвэрийг тусгуулах секторын төлөөллүүдийг оруулах ёстой. Нэг ёсондоо, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь тогтолцооны өөрчлөлтийн эхлэл болох ёстой!