2019.08.29

Б.Бат-Эрдэнэ: Намчирхал, улс төрийг туйлд нь хүргэх учраас дэмжихгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна.

Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм. Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн заалтыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд үг хэлж байна.

УИХ-ын Б.Бат-Эрдэнэ:

"Улс төрийн намуудын талаар асуудлыг Үндсэн хуулинд зохицуулж өгөх гэж байгааг дэмжиж байгаа. Орон нутагт улс төржиж байгаа, талцаж байгаа цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдана. Онцгой эрх эдэлдэг байгууллагыг хариуцлагатай болгох санхүүжилтийг тодорхой болгохгүй бол болохгүй. Намын дарга, Ерөнхий сайдын тушаалаар дагаж далдайдаг хүмүүсийн байдлаас болоод өнөөдөр төрийн нэр хүнд газарт унаж, байгалийн баялгаа цөлмөж дуусаад байна.

Хамгийн жижиг буюу Боловсролын сангийн зээлээс эхлээд ЖДҮ, төсөл, концесийг хамж байна. Гэтэл намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэвэл намчирхал, улс төрийг туйлд нь хүргэх учраас дэмжихгүй байна. Зөвшилцлийн ажлын хэсэгт залуус, ахмад улс төрчид, эмэгтэйчүүд, нам гээд бүх төлөөллийг оруул гэж хэлсэн. О.Баасанхүүг оруул гээд байхад "чи О.Баасанхүүд ямар хайртай болчихсон юм" гээд байсан.

Өнөөдөр хар. Бүх төлөөллийг оруулж байж зөвшилцөөд саналаа тодорхой болгохгүй бол өнөөдөр 150 санал хураалт явна. Нэг гишүүн 10 минут үг хэлнэ гэхээр ямар замбараагүй юм болох нь вэ. Ажлаа цагт нь эхэлмээр байна. Хэдэн өдөр ирц бүрдэхгүй, хуралдаж чадсангүй. Өнөөдөр 1.5 цагийн дараа эхэллээ. АН-ын гишүүдийг оруулж ир, Ерөнхийлөгчийн саналыг ав. Цаашлаад Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа үүгээрээ явуул."

Тэрээр асуулт үг хэлж дууссаны дараа, хуулийн заалттай холбоотой байр сууриа илэрхийллээ.