2019.06.14

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр улс төржилт, намчирхалыг халах ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан.

Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг олон асуудлын ойлголтоо нэгтгэж байж хэлэлцэх нь зүйтэй. АН энэ асуудлаас гарчихлаа гэж өмнө нь би чуулганы хуралдаанд хэлж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгчийн институти байна. Ерөнхийлөгчийн санал хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар байгааг мэдмээр байна. 

Өмнө нь хийгдсэн дордуулсан 7 өөрчлөлтийг эргүүлэн сэргээх өөчрлөлт орох гэж байна. Улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдал, оршин тогтнохуйд ноцтой хохирол учруулахаар байгаа улс төржилт, намчирхал талцал, үндэстнийг хувааж байгаа явдлыг энэ хуулийн өөрчлөлтөөр засах ёстой гэж үздэг.

Тухайлбал УИХ-ын нэр бүхий гишүүд бид орон нутаг, сум аймгийн түвшинд утга учиргүй намчирхал, улс төржилт их байгааг халах ёстой гэсэн байр суурьтай, хуулийн төсөл санаачлан ажиллаж байсан хүмүүсийн нэг нь би. Тиймээс би энэ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний чиглэлээр ажлын хэсэг гарч 1 жилийн хугацаанд бид ажилласан. Үр дүн гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ хэлэлцээгүй, ажлын хэсэг гараагүй, тогтоол батлагдаагүй байна. Үүнийг УИХ-ын дарга анхаарна уу?"