2019.08.28

Б.Бат-Эрдэнэ: Газрын хэвлийн баялгийн ашиглалттай холбоотой зохицуулалт хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаан  15 цаг 30 минутанд эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"УИХ, Засгийн газрын гишүүд Үндсэн хууль хэлэлцэж байгаа энэ үед хариуцлагатай байж, хуралдаанд оролцмоор байна. Мөн өмнө нь хүний карт хийж, санал өгдөг байдлаас болж хуульд өөрчлөлт оруулж санал өгдөг сисмтемээ хүртэл өөрчилсөн. Гэтэл ажиллахгүй хариуцлагагүй байна. Үүнийг анхаараарай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нилээд ойлголцож байж батлах ёстой. АН-ын зөвлөл хурал хаяад гарлаа. Ерөнхийлөгчийн санал алга байна. Улс төрийн намуудтай зөвшилцсөн зүйл байна уу? Мөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар 2016 оны МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тодорхой заасан. Эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй, тогтвортой төрийг бий болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэж бий. Тиймээс би Ард түмний санал асуулга явуулна уу гэж саналаа хэлсэн. Үүнийг хуулийн хүрээнд явуулах уу? Хавраас хойш орон нутагт иргэдтэй уулзаж байна. Иргэд олон янзын байр суурь хэлж байна. Дийлэнх нь ард түмэн биднээс асуух ёстой гэж хэлж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд 62 гишүүний нэг болж гарын үсгээ би зурсан. 2000 оны хэл амтай дордуулсан 7 өөрчлөлтийг сэргээхтэй холбоотойгоор нэгдсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах, санхүүжилт, үйл ажиллагаатай холбоотойгоор төлөвшүүлэх чиглэлийн заалтуудад би тодорхой санал нэгдсэн юм. Хамгийн гол асуудал бол бид 1990 оноос хойш байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим алдагдсан. Гадныхантай хуйвалдаж улсынхаа баялгийг цөлмөж дууслаа. Тиймээс 6.2 заалтад байгаа газрын хэвлий түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн. Ийм заалтыг ард түмний өмч байх ёстой гэсэн зарчмын саналыг оруулсан. Гэтэл ажлын хэсэг энэ бол хөндөгдөөгүй заалт учраас таны саналыг хүлээн авах боломжгүй гэсэн. Мөн Ерөнхийлөгч хуулийн төсөлд санал ирүүлсэн. Үүнд дээрх заалт хөндөгдөөд орж ирсэн. Энд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлийн баялаг, ой усны нөөц, ан амьтан нийтийн өмч байх гэж өөрчлөлт оруулж ирсэн. Хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр би суусан. Тэнд оролцогчидтой бид байр сууриа нэгтгэсэн. Үүн дээр төрийн нийтийн өмч гэж өөрчлөлт орж ирж байгаа юм. Үүний ард байгаа ашиглалтыг тодорхой болгох талаарх санал хаана байна вэ? 51 ээс доошгүй хувийг нь Монголын төр ард түмний мэдэлд байх, ашгийг нь Монголын тал авахаар зохицуулалтыг яагаад орхигдуулсан бэ? Ашиглалттай холбоотой заалтыг тодорхой болгохгүй бол эрх мэдэлтэй намын дарга Ерөнхий сайд гэдэг хүн 1990 оноос хойших үе үеийн тамга, эрх мэдэл хэнд байна тэр хүний үйл ажиллагаагаар газрын хэвлийн баялаг гадна дотныхоны ашиг завшаан болоод дууслаа. Оюутолгойгоос эхлээд том орд баялгууд, энэ 4000-5000 лиценз чинь бүгд энд холбогдож байгаа учраас ашиглалтын асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зохицуулалт хаана орхигдчихов оо?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар хариуллаа.