2019.09.05

Н.Цэрэнбат: Байгалийн баялагийн тэгш, шударга хувиарлахтай холбоотой заалтыг дэмжиж байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Байгалийн баялагийг ашиглахтай холбоотой заалтууд дээр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Сүүлийн 20 гаруй жил ярьсан олон асуудлыг  шийднэ гэж харж байгаа. Тиймээс энд орж байгаа 6.2 дугаар  заалтыг дэмжиж байна. Энд "Байгалийн баялгийг ашиглахдаа төрийн бодлого нь урь хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүйн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулсан" гэж байгаа. Мөн "Газрын хэвлийн баялгийн үр өгөөж Үндэсний баялагийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэсэн байгаа. Энэ ямар нэгэн мөнгө тараах тухай биш, Монгол улсын иргэн бүр төрийн үйлчилгээг тэгш хүртдэг байх тухай гэж би ойлгож байгаа. 

Цаашид байгалийн баялагийг ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар тухайн ААН, хуулийн этгээд тодорхой мэдээлэл хүргэх ёстой гэдгийг тусгаж өгч байгаа учраас үүнийг дэмжиж байна.