2023.05.05

Э.Бат-Амгалан: Гишүүдийн тоог нэмснээр Улаанбаатар хотын хүн амын төлөөллийг хангаж чадах уу

УИХ-ын /2023,05,05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

УИХ-ын 54-р тогтоолоор, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр, улс төрийн 20 гаруй намын зөвшилцлөөр, олон нийтийн олон удаагийн хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлт орж ирж байна. Үүнийг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт орж байгаа дээр нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Өнөөдөр эрх барьж буй МАН, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын толгойлж байгаа энэ нам шинэчлэлийг хийхийн тулд маш зоригтой орж ирж байгаа. Үнэндээ 2024 оны сонгуулиа тооцсон, намаа ялалтад хүргэхийн тулд тооцсон байдалтай орсон бол хуучин системээрээ сонгуульд орох байсан.

Та бүхэн санаж байгаа байх. 2012 оны сонгууль холимог системээр явсан. МАН ялагдсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр залуу Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ сайд энэ шинэчлэл, өөрчлөлтийг улс эх орны хөгжлийн төлөө зоригтой алхмуудыг хийж оруулж ирж байгаад баяр хүргэх ёстой.

Тоотой холбоотойгоор гишүүд нэлээн олон зүйл ярьж байна. Гэхдээ олон улсын сайн жишиг, судалгаануудыг үзэж харах нь зүйтэй. 1992 оны Үндсэн хуулийг батлахад, Үндсэн хуулийн эрх баригч Б.Чимид гуай анх хоёр сая хүнтэй байсан тухайн үеийн Монгол Улсад 120 Их Хурлын гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн саналыг оруулж ирсэн байдаг юм билээ.

Тухайн үеийн Их хурал буюу ардын дептатууд 52 гэдэг дээр тохироод дундын хувилбар 76 гэсэн УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй 30 дахь жилдээ золгож буй. Олон улсын жишгүүдийг харвал 5-6 сая орчим иргэнтэй улсуудад 100-200 хооронд байдаг.

Бид ирэх долоо хоногоос иргэдтэйгээ хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг нэлээн чухал нухацтай ярих нь зүйтэй. Аливаа парламент хууль тогтоохоос гадна гол үүрэг нь иргэд, сонгогчдыг төлөөлөх төлөөллийн зарчим. Энэ төлөөллийн зарчим нь хоёр үндсэн зүйлээр хангагддаг гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт газар нутаг, хоёрдугаарт хүн амын төлөөлөл. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд газар нутгийн төлөөлөл энэ сонгуулийн тогтолцоогоор сайн хангагдаж ирсэн. Өнөөдрийн “УИХ-ын 76 гишүүний 52 нь газар нутгийн төлөөллийн зарчмыг илүү хангасан байдалтай. 24 нь Нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон байдаг. Үүнээс харахад газар нутгийн төлөөлөл өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш сайн хангагдсан. Хүн амын тал буюу 50% нь байгаа Улаанбаатар хотод 24 гишүүн төлөөлж ажиллаж буй.

Үндсэн хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдснээр, холимог системд шилжсэнээр Улаанбаатар хотод хүн амын төлөөллийг хангах зарчмыг хэр барих вэ?

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.