Ц.Туваан: Ачааны хүндийг үүрч, орлогын ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхныг бодлогоор дэмжиж, сор боловсон хүчнүүдээ үргэлжлүүлэн ажиллуулаарай
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Дэлхийн нийтийн нөхцөл байдал маш хүнд байна. Дайнтай, худалдааны дайнтай, тарифын дайнтай холбоотойгоор нөхцөл байдал маш хүнд байна. Энэ үед манай улсын хувьд тогтвортой байдал, нягт эвтэй байдал маш чухал байгаа. Үүнийг удирдлага болгож ажиллана гэдэг үгэнд тань гарч байна. Мөн монгол төр өнө удаан, урт удаан хугацааны залгамж чанартай. МУ-ын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж ирсэн бодлогыг төрийн залгамж халаа, залгамж чанарын хүрээнд үргэлжлүүлэн авч явна гэдэг үгийг бас сонслоо. Мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь 14 мега төсөл байсан. Салбар салбарын яамдууд дээр байсан. Манай яаманд Гашуун Сухайт-Ганц мод, Орона, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэс боловсруулах үйлдвэр, Ангийн цогцолбор, Нүүрс хими, Кокс хими, Алт цэвэршүүлэх гээд эдгээр мега төслүүд манай салбар дээр байсан. Эдгээр төслүүдийн 4-ийнх нь гэрээ хэлэлцээрийг нь хийж эцэслээд явж байна. Энэ бодлогуудыг та залгамжлуулаад үргэлжлээд явна гэдэгт итгэлтэй байна.
Мөн улсын ЭЗ, санхүүгийн асуудал ч гэсэн хүнд байгаа. Таны амнаас төсвийн тодотгол гэдэг үг гарч байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортын орлогоор амьдардаг улс. Энэ салбарт нэлээдгүй ачаа ногдож байгаа. Бид бүхэн гадаадад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан байна. Бид айлаас эрэхээр авдраа ух гэж өөрт байгаа алтныхаа асуудлыг бодлого болгоод явж байв. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү? Алт-3 аян, Алтны үндсэн ба шороон ордын асуудал, дээрээс нь газрын ховор элемент дэлхий дээр маш хурцаар яригдаж байгаа бодлогуудыг та үргэлжлүүлж явах уу?
Ачааны хүндийг үүрч, орлогын ихэнхийг бүрдүүлж байсан уул уурхайн салбарынхандаа талархах ёстой. Энэ салбарынхныг бодлогоор дэмжиж улсынхаа эдийн засагт тодорхой орлогыг бүрдүүлэх ёстой. Уул уурхайн салбарын нийт ажилчид, уурхайчиддаа улс орныхоо өмнө байгуулсан энэ том гавьяаных нь төлөө талархал илэрхийлэх нь зүйтэй.
Ардчилсан намын үед намынхаа сор болсон чадвартай боловсон хүчнүүд энэ салбарууд дээр орж ажилласан. Хэрхэн ажилладгаа тэд харуулсан, харуулаад явж байгаа. Энд байгаа цөөхөн, нийт төрийн албан хаагчдын дүнтэй харьцуулахад цөөхөн хүний томилгоо хийгдсэн байгаа. Энэ хүмүүсийн чадварыг нь бас ашиглаж үргэлжлүүлэн ажиллах тал дээр та ямар бодлого барьж ажиллах вэ?
Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч