2025.06.19

П.Сайнзориг: НҮБ болон олон улсын байгууллагад ажилласан залуусыг төрийн албандаа урьж оролцуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы 2025.06.19ны өдрийн нэгдсэн хуралдаанаар " Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал"-ыг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлд нэр дэвшиж буй Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Томилогдох бол нэг хэрэг. Томилогдохдоо жендерийн эрх тэгш байдлыг бариад явдаг болсон. Энэ нь сайн боловч очоод боломжоо зөв ашиглаарай. Гол асуудал нь төрийн албаны зөвлөлийн шинэчлэлийг явуулъя гэхээр нэр томьёоноос эхлээд хүнд байна. Төрийн албаны ангиллыг зөв болгоё гэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг зөв хийхгүй бол болохгүй байна. Орон нутгийн хуулийг маш чанартай, зөв гаргаад төрийн байгууллагад ангиллын хувьд ямар байгууллагууд орох тухай зөв тодорхойлбол тэнд ажиллаж байгаа хүмүүс төрийн албан хаагч гэдгийг зөв тодорхойлж, зөв ангилал тогтоох боломж бүрдэх юм.

Би хувьдаа төрийн алба биш “Нийтийн алба” гэж нэрлээсэй гэж хүсдэг. Төрийн чиг үүргийг мэргэжлийн холбоод шилжүүлэх, хуультай нийтийн эрх зүйд шилжүүлнэ гэдэг бол олон нийтийн өмнө зүтгэж байгаа хүмүүс юм. Үүнээс яам, агентлагт ажиллаж байгаа хүмүүс бол “Төрийн жинхэнэ албан хаагч” нар юм. Эдгээр зүйлүүдийг ярихын тулд нийтийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тухай хууль болгоод явъя гэж хувьдаа боддог. Үүнээс хуулийг 3 задлахдаа бус төрийн албан хаагчдын ангилал, үүнийг дагасан сонгон шалгаруулалт нь зөв явдаг байх, шаардлагууд нь зөв тавигддаг байх, ажилласан жилээр биш бүтээмжийг илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл шинэ залуучууд орж ирж салхи эргүүлдэг байгаасай гэж хүсэж байна.

Жишээ нь НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, ОУ-ын байгууллагад тэнцээд орсон залуучуудыг төрийн албанд урьж ажиллуулахад ажилласан жилээр нь боодог ч юм у, шалгалт өгөөгүй байна гэсэн зүйлээр боомилдог. Уг нь Монгол Улсад гэлтгүй ОУ болон Нэгдсэн Үндэсний байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа экспертүүдийг төрийн албандаа урьж оролцуулдаг бүтээмж, шинэ соёл, шинэ хандлага, шинэ мэдлэг инновацыг авчрах бололцоог бүрдүүлээч гэж хүсэж байна. Энэ бүхнийг анхаарч ажиллахад санаачлаг, идэвхтэй байгаарай гэж хүсэж байна. Та бүхэн төрийн албаны тухай хууль тогтоомжуудыг судалж байгаа байх. Өөрсдийн байр суурийг дүгнэж хэлээч. Яг юун дээр асуудлыг фокустай, энэ хууль тогтоомжийг сайжруулах боломжтой гэж харж байна вэ?