С.Ганбаатар: Аж үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллана
Улсын Их Хурал дахь Аж үйлдвэржилтийн Байнгын хороог УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалдаг билээ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд мэдээлэл өглөө.
Тухайлбал, Аж үйлдвэржилтийн Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хоёр удаа тус тус хуралдаж, нийт 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ.
Мөн Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын нийт есөн мэдээлэл, тайланг сонсож, нийт зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Байнгын хорооны дарга С.Ганбаатар мэдээллээ.
үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэхэд эрчимтэй ажиллана
Тэрбээр аж үйлдвэрлэгч нар, өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, Монголын бизнес эрхлэгч нарт тулгамдаж байгаа асуудлуудыг яаж шийдэх, ямар гарц гаргалгаа өгөх талаар Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг даалгавар өгч ажиллаж байна гээд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Ерөнхий сайдад хандан тавьсан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн тухай асуултын хариу, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, Д.Батбаяр, Б.Уянга, М.Бадамсүрэн нарын гаргасан саналын дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн горим, технологи, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, эдгээр асуудлуудаар Байнгын хорооны ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна гэлээ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн асуудлаарх ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар ахлан ажиллаж байгаа юм.
Түүнчлэн ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, дээрх асуудлууд, бодит байдал, тулгамдаж буй бэрхшээлийг судалж ажилласны үндсэн дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы 2025 оны хаврын чуулганд тайлагнах аж. Цаашид Байнгын хороо аж үйлдвэржилтийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой аливаа мэдээллийн ил тод, нээлттэй болгох, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэх, үндэсний хөтөлбөр, төслүүдийн хүрээнд олгож буй үйлдвэрлэл, бизнесийн дэмжлэг, татаасыг хэрхэн авах, ямар шат дамжлага, дүрэм журам үйлчилж байгааг мэдээлж, зөвлөх талаар эрчимтэй ажиллана хэмээн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар хэлээ.
аж үйлдвэржилттэй холбоотой асуудлуудыг өөр Байнгын хороодод хуваарилах явдал их байНА!
Мөн С.Ганбаатар гишүүн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахтай, түүний санхүүжилттэй холбоотой мэдээллүүдийг нууцаас гаргах шаардлагатайг тэмдэглэж, “Орано майнинг” компанитай гэрээ байгуулах зэрэг аж үйлдвэржилттэй холбоотой асуудлуудыг өөр Байнгын хороодод хуваарилах явдал их байгааг шүүмжиллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан