ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх бодлогын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахална
2025.01.15

ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх бодлогын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахална

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.01.15)-ийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн эдийн засгийн хөгжил, уул уурхайн олборлох салбарын өсөлттэй уялдуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн шалгуур ангиллын босгыг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих бодлогыг тодорхойлох, хөнгөлөлттэй зээлийн зэрэгцээ газар олголт, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх, технологи нэвтрүүлэх, орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад нь туслах, батлан даалт, зөвлөх үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн юм. 

Дээрх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцсэнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Ажлын хэсгийн чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараар хязгаарлалгүй бичил болон өрхийн аж ахуйг нэмж тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, мэргэжлийн яамтай хамтран аймаг, сум бүрд кластер хэлбэрээр үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц, боломжийн талаарх судалгааг хийх тухай саналыг тусгав. 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Х.Жангабыл, Г.Очирбат, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Д.Энхтуяа, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, С.Замира, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, М.Ганхүлэг нар ажиллахаар төсөлд тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.