ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр лаазалсан мах, махан бүтээгдэхүүн экпортлодог “Тайж” ХХК-тай танилцлаа
2024.11.15
Жижиг дунд үйлдвэрлэл

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр лаазалсан мах, махан бүтээгдэхүүн экпортлодог “Тайж” ХХК-тай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд Ж.Энхбаяр лаазалсан мах, махан бүтээгдэхүүн 31 жил экспортлож байгаа “Тайж” ХХК болон Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "САМО" институтийн үйл ажиллагаатай танилцжээ. 

Тус компани адуу, үхэр, гахайн 18 нэр төрлийн лаазалсан махан бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд экспортлодог байна. Мөн дэлхийн 90 гаруй орон оролцдог “Worldfood” Олон улсын уралдаанаас үхрийн махан лаазалсан бүтээгдэхүүн нь хүрэл медаль хүртсэн туршлагатай.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ганпүрэв захиралтай “Тайж” групп өдгөө 470 гаруй байнгын ажлын байрыг бий болгож, мах бэлтгэлийн үед 1,000 гаруй иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан, цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах, хүнсний салбарын чанар аюулгүй байдлыг сайжруулах, салбарын бодлого шийдвэрийг танилцуулж, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана хэмээн мэдэгдлээ.

“Тайж” ХХК-ийн дэргэд 50 жилийн түүхтэй эрдэм шинжилгээ, судалгааны “САМО” институт үйл ажиллагаа явуулж буй. Уг институт нь өдөрт 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжийг шинжилдэг аж.

Уг институт нь “Хүнсний туршлага шинжилгээний төв” нэртэй анх байгуулагдсан бөгөөд 2008 онд “Тайж” ХХК хувьчлан авч “САМО” институт нэртэй болжээ. Улмаар хүнсний салбарт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл судалгаа, туршилт явуулах, шинжлэх ухааны дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй, эрдэм шинжилгээний байгууллага болон өргөжсөн тухай Л.Ганпүрэв захирал онцлов.  

Ташрамд дурдахад институтийн эрдэмтэд малын дэлүүнээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох төмрийн бэлдмэлийг гаргаж авчээ. Эл бүтээгдэхүүн Монгол Улсын жилийн хоёр сая ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүн болж чадсан байна.