
Хүнсний салбарын 683 стандартын 153-ыг нь шинэчлэх шаардлага үүсжээ
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө боллоо.
Хэлэлцлүүлэгт Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Д.Ганмаа, Х.Баасанжаргал, О.Саранчулуун болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 150 хүн оролцлоо.
“Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" сэдвээр зохион байгуулагдсан салбар хэлэлцүүлэг амжилттай өрнөсөн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
Хүнсний салбарын 683 стандартад үзлэг хийхэд шинээр боловсруулах шаардлагатай 30, шинэчлэх шаардлагатай 153, хүчингүйд тооцох 50, хэвээр үлдээх 480 байгаа аж.
Энэхүү хэлэлцүүлэгт хүнсний салбарын стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, түүний эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр салбарын мэргэжилтнүүд, төлөөлөгчид идэвхтэй оролцож, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр дараах асуудлуудыг онцлон хэлэлцсэн байна. Үүнд:
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын стандартыг хангах арга зам
Хүнсний салбарын хууль тогтоомж, дүрэм журамд гарч буй өөрчлөлтүүд
Стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ
Салбарын бүх талын оролцогчдын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал болгож буй шийдлүүд гэх мэт.
Ирээдүйд салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх шинэ саналууд, шийдлүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна хэмээн тэрбээр онцолсон юм.