2025.06.24

О.Саранчулуун: Төсөв тавьж өгөөгүй олон хууль бий. Биелүүлэхгүй юм бол ямар зорилготойгоор хууль батлаад байдаг юм бэ?

УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа.

Төсвийн 36-р хуудсан дээр Нийгмийн бүлэгт чиглэсэн дотор 30 төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2417 байгууллагын 7830 албан хаагчийн 150,3 тэрбум төгрөгийн цалин урамшуулал гэсэн заалт бий. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогын хүрээнд гэж оруулжээ. Тэгэхээр 7830 албан хаагчид 150,3 тэрбум төгрөгийн цалин урамшуулал гэдэг зүйл яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бодлогын ангилалд орж, зардал болов?

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүний гадаадад суралцах эрхийг хуулиар баталгаажуулсан боловч Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн дутагдлаас шалтгаалан хэрэгжих боломжгүй байгаа. Бид өмнө нь олонтаа ярьсан. Энэ хуулийн заалтыг биелүүлэхгүй байна гэсэн үг. Аудитын байгууллага нь ийм төрлийн санхүүгийн шалтгаантай хууль зөрчилтийг хэрхэн дүгнэж, хариуцлагыг нь тооцдог вэ?

Гуравдугаарт, төсөв тавьдаггүй маш олон хуулиуд бий. Эсвэл төсөв байхгүй гээд байдаг. Нэгдүгээр хууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хоёрдахь хуул нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль байгаа. Энэ хуулиудад зориулсан төсөв өнгөрсөн тайлан дээр ч харагдахгүй байна. Хуулийг биелүүлэхгүй юм бол ямар зорилготойгоор байлгаад байдаг юм бэ? Төсөв тавихгүй юм бол?

Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.

2024 онд 929 суралцагчид 2 тэрбум төгрөгийг дотоодод сурахад боловсролын зээлийн сангаас зардлыг нь олгосон. Гадаадад 2 иргэнд 400 орчим сая төгрөгийн зардлыг мөн олгож сургасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн хуулийн 15.6 дээр 1 суралцагчийг ямар ч нөхцөлгүйгээр БЗС-аас зардлыг нь дааж суралцуулах заалт бий. 5 хууль, 1 УИХ-ын тогтоол дээр ийм заалтууд байдаг. Үүнийг хэрэгжүүлье гэхээр БЗС-ийн 2024 оны төсөв нь ердөө 158.4 тэрбум. Улсын төсвөөс 124.3 тэрбум. 2025 онд 33 тэрбумыг эргэн төлөлтөөс олох ёстой. Энэ жил олон хүсэлт ирсэн. 2025 оны эхний 6 сарын байдлаар дотоод суралцагч 583 хүн, гадаадад 17 хүн суралцах хүсэлтээ ирүүлсэн. Гадаадад суралцаж буй хүн дотоодод суралцаж байгаагаасаа 1000 дахин илүү зардалтай байдаг. Ийм нөхцөл байдал хэрхэн тэгш хүртээмжтэй дэмжлэгийг олгох вэ гэдэг нь хурц асуудал болоод байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Хөдөлмөрийн хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах ёстой. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд төсөвт суулгасан байх ёстой. Энэ хуулийн энэ хэсгийг хэрэгжүүлэхэд ийм төсөв хэрэгтэй гээд. Тэгэхээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажиллуулж буй хөдөлмөрийн хөлс нь эдгээр иргэдэд чиглэсэн бодлого, санхүүжилтийн бүрдэл хэсэгтээ ороод явна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид, жишээлбэл би энэ ангилалд явж байгаа болж таарч байна уу?

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн