2025.06.24
Ж.Батжаргал: 2024 оны татварын орлогын хангалт аудитын дүгнэлтээр яаж гарсан бэ
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
2024 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байна.
Нэгдүгээрт, 2024 он бол маш тааламжтай бас багахан бялуурсан он жилүүд байсан л даа. Орлогоо ч ахиу төлөвлөж байсан, зардлаа ч ахиухан гаргаж байсан. Тэгэхдээ төлөвлөсөн хэмжээндээ яаж бүрдсэн юм гэдэг тухай, яаж зарцуулсан юм гэдэг тухай хэрхэн хууль тогтоомжоо барьсан юм гэдэг тухай л асуудал байгаа. Орлого ахиутай байх тал дээр татварын орлогуудаа тоодоггүй хаячхаад байдаг! Татварын нэр төрлүүдийн орлогын нэр төрлүүдийн хангалт яаж явсан юм, татварын орлогын бүрдэл хангах талаар ер нь юу зохион байгуулав? Үүн дээр аудит ямархуу байдлаар дүгнэж, хандав гэдэг асуудал байна. Төсвийн зарлага санхүүжилтийн асуудал дээр үрэлгэн зардлын тухай их ярьцгаадаг. Төсөвлөгдсөн зардал ямархуу хэмжээний гүйцэтгэлтэй гарчхав, хэмнэгдээд үлдчихээд байгаа зардлууд гэж ямар зүйл ангиуд дээрээ гарав?
Хоёрдугаарт, 7 мянган төрийн албан хаагчийн сул орон тооны тухай ярьцгаагаад эхэллээ. Энэ нь 2024 оны төсвийн гүйцэтгэлээр гарч ирж байгаа юм уу үгүй юм уу? Энэ дээр би холбогдох байгууллагууд буюу аудитынхныг тодорхой хариулт өгнө үү?
Гуравдугаарт, аливаа асуудал 2 талтай. Барилга угсралтын ажил гүйцэтгэдэг компаниудад буруу өгөх гээд тэнд шуналын тулмууд байгаа тухай яриад хэрэггүй. Монгол төр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийлгэнэ гээд тов тодорхой зураг төсөвтэй ажлаа арваад жил жижиглэн хуваах замаар төсөвт мөнгийг нь суулгачхаж байна. Тэгэхээр тэр компаниуд чинь зайлуул дампуурахгүй яадаг юм!Тэр 10 жилийн хугацаанд үнэ өртөг өсөхгүй хаачдаг юм. Аргаа бараад төсөв дотроо биднүүс хуулийн зохицуулалт хийсэн юм. Нэг удаад төсөвт нь магадлал хийдэг байх тухай, 3 жилд багтааж санхүүжүүлж дуусдаг байх тухай асуудлыг зохицуулж өгсөн юм. Үүнд хамрагдаж чадаагүй 600 орчим тэрбум төгрөгийн асуудал хүлээгдэж байгаа гэж би ойлгоод байгаа Сангийн сайд аа! Үүнийг ямархуу байдлаар та хэд судалж дүгнэж байна вэ?

Сэтгүүлч