2025.01.24

ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ “ХҮННҮ” ХОТ ГЭЖ НЭРЛЭВ

“Шинэ Зуун мод” дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богдхаан, Төмөр зам чөлөөт бүс тээвэр логистикийн МУ-ын эдийн засгийн өсөлтийг 10-15% тэлэх боломжтой.

Мөн энэ хотод төр захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд түвшний уулзалт, арга хэмжээ зохион байгуулах цогцолбор байгуулж үйлчилгээний менежмент, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгоно хэмээн үзэж байна.

Олон улсын туршлагаас харахад хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв, түүхийн онцлог төдийгүй санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот байх зэрэг нөхцөлийг илэрхийлж олон улсад дуудах, бичихэд хялбар ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь цаашид маркетинг сурталчилгаа, стратегийн өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг аж. 

“Шинэ Зуун мод” гэх нэршил нь Төв аймгийн төв Зуун мод хотын дагуул хот эсхүл Зуун мод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлнэ!

Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй, дэлхийд дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг бөгөөд Хүннү нар Төв Азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчидийн төрт ёсыг бий болгон олон улсын харилцаа, торгоны замыг хяналтдаа авч европ, азийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Тиймээс Монголын талаас төдийгүй шинэ хотын төлөвлөлт бүтээн байгуулалт, төслийн зорилтын цогц байдлаар илэрхийлэх зорилгоор “Шинэ Зуун мод” хотыг “Хүннү” хот хэмээн нэрлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы 2025.01.24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Хүннү хот дараах бүсүүдтэй байхаар төлөвлөв

  • - Эдийн засгийн чөлөөт бүс
  • - Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • - Оюутны хотхон, судалгаа шинжилгээний бүс
  • - Тээвэр логистикийн бүс
  • - Худалдаа, бөөний бүс
  • - Үйлдвэрийн бүс
  • - ОУ-ын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан