2025.01.24

С.Эрдэнэболд: Анхны эзэнт гүрний нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өгч жижгэрүүлэх шаардлага байна уу!

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ны өдрийн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

Шинэ Зуунмод хотыг шинэчлэн байгуулах Монгол Улсын хөгжлийн стратегийн нэг том голомт байх төслийг 100% дэмжинэ. Нэгдүгээрт, Хүннү гэдэг нэр хэрхэн сонгогдоод байгаа юм бэ? Монгол Улсын хувьд анхны төрт ёсны суурь болсон гал голомт болсон тулгар төрийн анхны гүрэн улсын нэрийг нэг хотод эсвэл засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид өгч болж байна уу? Бусад улсын жишгээр ийм юм байхгүй. Анхны төрт улсынхаа нэрийг нэг аймгийн нэр болгож болох юм уу?

Хоёрдугаарт, Хүннү гэдэг чинь хүнчүүдийг Хятадаар "нүү" гэдэг нь зэрлэгүүд гэсэн агуулгатай. Нэг ёсондоо, "хүн зэрлэгүүд". Ар Монгол, гадаад Монгол гэдэг шиг "этимологи" буюу хэл зүйн хувьд Монгол хүн жишээлбэл гадаад монгол, ар монгол гэж хэлж болохгүй. Учир нь Монголчуудыг дорд үзсэн ч гэдэг юм уу, хэмжээ хязгаар тогтоосон хэллэгүүд байдаг. Тэгэхээр үүн дээр ШУА, хэлний чиглэлийн эрдэмтэд этимологийн түвшинд хэл шинжлэлийн түвшинд тайлбар авсан уу. Цаашлаад эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ, хурал хийх ёстой. Хархорин хот дээр Хархорум гэдэг нэршлээр явж байгаа. Ард түмэн хөгжихийн тулд өнгөрсөн үеэ хүндэтгэн үзэх ёстойгоос гадна ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого хэрэгтэй. Нэгэнтээ Хархорин гээд байж байгаа юм чинь бүх юмыг заавал түүхчилж яах гээд байгаа юм? Заавал Хүннү гэж нэрлэх шаардлага байна уу. Ирээдүй рүүгээ чиглэсэн нэр өгч болохгүй юм уу? Арабын улсууд болон дэлхийн томоохон гүрнүүд дандаа ирээдүй рүү чиглэсэн нэртэй хотуудыг байгуулж байна шүү дээ. Тэгэхээр дэлхий нийтийн жишиг дээрээс нь тэр татах хүчээ тооцвол яасан юм бэ? Тэр утгаараа нэршлийн хувьд бол 2 үндэслэл гаргаж байгаа. Энэ үндэслэлд та бүхэн тайлбар өгөхгүй юу?

Эцэст нь 3 асуултаа дүгнээд хэлэхэд нэгд, анхны эзэнт гүрний нэрийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид өгч жижгэрүүлж яах гээд байгаа юм бэ? Улс үндэстнүүд түүхээ сунгаж, татаж хол болгох гэж ядаж байхад бид эсрэгээрээ энэ мэт үйлдэл хийж болох юм уухоёрт, ирээдүй рүү чиглэсэн нэр өгөх боломжтой юу? гуравт нь шинжлэх ухааны түвшинд хэл шинжлэл тэр тусмаа үг зүйн язгуур гарваль судлалын хувьд энэ үгэн дээрээ тодорхойлолт авах ёстой!

Түүний асуултад, Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан