ЖДҮ-ийг дэмжих бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав
2025.01.15

ЖДҮ-ийг дэмжих бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.01.15)-ийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагааны замналыг товч дурдаад, Засгийн газрын агентлаг болон сангийн үүсэл, тэдгээрийн эрх зүйн байдал, чиг үүрэг, хамрах хүрээг цухас танилцуулсан юм. Дараа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хуулийн хэрэгжилт болон сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн зохицуулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг, улсын бүртгэлд бүртгүүлсэн, ашиг олох зорилго бүхий дотоодын бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарна. Тус хуульд зааснаар үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг 10 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой хоршоо, нөхөрлөл, компанийг бичил, 10-50 хүртэл ажилтантай, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол жижиг, 50-200 хүртэл ажилтантай, жилийн 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж ангилж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 76,561 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрт нийт 253,095 хүн ажиллаж байгаа юм.

Хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээнд хөнгөлөлттэй зээл олгох, хүүгийн хэмжээг бууруулах, хүүгийн татаас олгох, батлан даалт гаргах, тоног төхөөрөмжийн санхүүгийн хөнгөлөлттэй түрээсийн үйлчилгээ, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Мөн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний болон кластер хэлбэрээр ажилладаг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, төрийн худалдан авалт, бизнесийн зөвлөх үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгаагаар дэмжих, техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, дотоодын болон олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж оролцуулах зэрэг санхүүгийн бус дэмжлэг үзүүлж буй юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсан бөгөөд улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 737,6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж, 8946 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Эдгээр зээлдэгчид нийтдээ 39,827 ажлын байрыг хадгалж, 54,622 ажлын байр шинээр бий болгосон байна. Зээлдэгчдийн 7398 буюу 82.8 хувь нь 854.1 тэрбум төгрөгийн буюу нийт зээлийн 78.8 хувийг бүрэн төлж барагдуулаад байгаа бөгөөд 2024 оны эцсийн байдлаар 1,533 зээлдэгчийн 228,9 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн авлагатай байгааг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга мэдээллээ. Тус сан 2019-2022 онд Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондын 123,6 тэрбум төгрөгийн төлбөрийг бүрэн төлжээ.

Сангийн зээлийн эрэлт их байдгийг Я.Эрдэнэчулуун дарга мэдээлэлдээ дурдаад, 2009-2024 оны хооронд 33 458 төсөлд 5,0 их наяд төгрөгийн хүсэлт ирснээс зээл хүсэгчийн 26,7 хувь, санхүүжилтийн 22 хувийг шийдвэрлэсэн гэлээ. Тус сангийн зээлдэгчид 2009-2024 оны хугацаанд 6,694 хүнсний болон хөнгөн үйлдвэрийг өргөтгөж, 2,252 үйлдвэр шинээр бүтээн байгуулжээ. Сүүлийн таван жилд л гэхэд 960 төсөлд 116.5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосноор 5189 ажлын байр шинээр бий болгож, 3552 ажлын байрыг хадгалж үлдсэн дүнтэй байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газраас сүүлийн таван жилийн хугацаанд тусгай активын эрсдэлийг удирдах, муу активыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж холбогдох хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх замаар нийт 80.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлжээ. Түүнчлэн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /IFAD/, аймаг орон нутагтай хамтран Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрийг 17,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн эрсдэлийн даатгалын тогтолцоо, төслийн газар дээрх үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэн, төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, нээлттэй, ил тод болгосон байна. Мөн зээлдэгчдийн эрэлтэд тулгуурлан зээлийн багцыг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлснээр 2018 онд 97,0 тэрбум төгрөгийг 213 зээлдэгчид олгож байсан бол 2024 онд 37,5 тэрбум төгрөгийг 224 аж ахуйн нэгжид олгосон байна. Гадаад болон дотоодын зах зээлд үндэсний бүтээгдэхүүнийг сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 35 үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулсанд 3,300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож 30,8 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ.