2010.04.19

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир, Д.Кёкүшюзан Батбаяр Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Б.Батбаяр, Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, Х.Тэмүүжин нар хамтран Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуульд шинээр 48 заалт шинээр нэмж, хуулийн 36 заалтыг өөрчлөн найруулж, 11 заалтыг хасч, хуулийн 80 хувьд нь зарчмын болон найруулгын засвар өөрчлөлт оруулж хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулсан байна. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг,  515 заалт бүхий 59 зүйлтэй юм.       
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг “Монгол Улсын Их Хурлын сонгууль” гэж гарчигласан хэрнээ Улсын Их Хурлын сонгууль гэж чухам юу болохыг тодорхойлоогүй тул төсөлд уг ойлголтыг тодорхойлж, түүний төрөл зүйлийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль байхаар тогтоосны дээр Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасны дагуу сонгуульд иргэдийн бүх нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангах нь сонгуулийн тогтолцооны үндэс байхаар зааж,  сонгууль тогтмол явагдаж байх зарчмыг нэмж тусгажээ.  Түүнчлэн УИх-ын ээлжит сонгуулийн өдрийг сонгуулийн жилийн зургадугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байхаар тогтоож, сонгуулийг  томсгосон тойргоор, тойрогт ногдох мандатыг хувь тэнцүүлэн хуваарилах аргыг хэрэглэн зохион байгуулахтай нийцүүлэн ээлжит сонгуулийг УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөх 120 хоногийн дотор, сонгуулийн өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлаж байхаар тусгасан байна.

Төслийн ”Сонгуулийн газар зүй, түүний зохион байгуулалт” гэсэн бүлэгт Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг тойрогт, тойргийг хэсэгт хуваарилж сонгуулийн газар зүйг тодорхойлж, сонгуулийн ажлын зохион байгуулалтын гол хэлбэр болох тойргийг олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулахаар тусгажээ.  УИХ томсгосон тойргийг байгуулахдаа тойргуудад хамрагдах хүн амын тоо адил тэнцүү байх зарчмыг баримтлан нийт хүн амыг мандатын тоонд хуваан тойрог байгуулах улсын дундажийг гаргаж, хөдөөд хэд хэдэн аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог байхаар, нийслэлд 2-3 дүүргийг нэгтгэн нэг тойрог байхаар зохион байгуулахаар заажээ. Хэрвээ аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сум, нийслэлийн дүүргийн хороодтой түр нэгтгэн зохицуулж нэг тойрог болгохоор тусгасан байна.

Сонгогчдыг саналаа өгөх, тэдний саналыг тоолох ажлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор хэсгийг байгуулахдаа сонгогчдыг саналаа гаргах аятай боломж бүрдүүлэх, хэсгийн хороодын ажлын ачааллыг багасгахын тулд нэг хэсэгт хамрагдах сонгогчдын тоог цөөрүүлж суманд 100-1000, аймгийн төвд 2000-3000, нийслэлийн дүүрэгт 2000-4000 хүртэл сонгогчтой байхаар зохицуулалт хийсэн байна. Түүнчлэн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулахаар заасан одоогийн зохицуулалтыг өөрчилж, орон нутаг дахь сонгуулийн хороодыг шүүгчээс бусад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдаас бүрдүүлэхээр зохицуулжээ.

Хувь тэнцүүлэх аргад нийцүүлэн нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нам, эвсэл нь тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэхдээ тухайн нэр дэвшигчид тавигдах үндсэн болон тусгай шаардлагыг хангасан намын гишүүн ба гишүүн бус хүнийг анхан шатны намын байгууллагаас эхлэн шалгаруулах бөгөөд уг асуудлыг намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар хэлэлцэн нууцаар санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэж, олонхийн санал авсан хүний нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар дараалуулна. Харин бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойрогт хамрагдах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа 801-ээс доошгүй сонгуулийн эрх бүхий иргэдийн гарын үсгийг зохих маягтын дагуу цуглуулах ба уг маягтад байгаа мэдээллийн үнэн зөвийг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулж байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан байна.

Төсөлд сонгогч нь саналын хуудсанд бичигдсэн, өөрийн сонгохыг хүссэн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугаарыг, мөн тэр нам буюу эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас өөрийнхөө дэмжиж байгаа зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг тус тус, эсвэл нэг бие даан нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлахаар тусгажээ. Түүнчлэн УИх-ын гишүүний мандатыг хуваарилахдаа эхлээд сонгуулийн босгоор /хэмжүүрээр/ хуваах аргыг хэрэглээд дараа нь хэрэв тойрогт мандат үлдвэл үлдсэн мандатыг хамгийн их үлдэгдлийн зарчмын аргаар санал хуваагчийг хэрэглэж хуваарилахаар зохицуулжээ. Харин үлдсэн мандатыг хуваарилахад нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн авсан хүчинтэй саналын тоо тэнцвэл Сонгуулийн ерөнхий хороо шодох аргыг хэрэглэхээр, сонгуулийн босгоос олон санал аваагүй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг гишүүний мандат хуваарилахад оролцуулахгүй байхаар тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.