Ж.Энхбаяр: АН-ын олон саналыг манай нам хүлээж авсан
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Ардын намын бүлэг Сонгуулийн тухай хуулийн тогтолцоог 48:28 байж болно гэж үзэж байгаа. Ардчилсан намаас энэ хувилбарыг дэмжихгүй гэх гишүүд бий?
-Ардчилсан намынхан 48:28 хувилбарыг хүлээж авах байх. Хоёр талаасаа харилцан буулт хийж, тоо бодсон. Ардчилсан намын 38:38 гэх хувилбарын хариуд манай нам буулт хийн 48:28 болгож байр сууриа сулрууллаа. Мөн Ардчилсан намын тавьж буй олон саналыг хүлээж авсан.
-Жишээ нь ямар саналыг хүлээж авсан гэж?
-Тэдний саналын дагуу намын нэрийг дугуйлахаар болсон. Мөн мажоритари системээр сонгогдож чадаагүй, өндөр санал авсан нэр дэвшигч пропорциональ хувилбарт шилжиж нөхөн сонгогдох боломжийг нээсэн. Үндсэндээ дотроо зөрчилтэй байсан асуудлыг нэгтгэж дууслаа гэж хэлж болно. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сард амжаад батлачих байх.
-Анх ярьж байсан шигээ пропорциональ хувилбар руугаа орлоо гэж үзэж болно гэсэн үг үү?
-Үндсэндээ орлоо гэж ойлгож болно. Гэхдээ мажоритари буюу иргэдийн шууд төлөөллийн зарчмыг хадгалаад 48:28 гэсэн хувилбарыг батлахаар улс төрийн шийдэлд хүрч байна.
-Танай нам анх 50:26, дараа нь 52:24 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Одоо 48:28 өөрчлөгдөхгүй гэх баталгаа бий юү?
-Миний бодлоор эцсийн тоо энэ л байх болов уу. Хамгийн бололцоотой зохистой хувилбар гэж бид үзэж байгаа. Улс төрийн намууд үүнтэй санал нэгдэх байх.
-Мажоритари болох 48-ыг тойрогт хэрхэн хуваана гэсэн үг вэ?
-Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган зэрэг 65 мянгаас доош хүн амтай дөрвөн аймаг бий. Энэ дөрвөн аймаг нэг, нэг мандаттай байна. Харин бусад аймаг бүгд хоёр мандаттай байх юм. Нэг тойрог дээд тал нь хоёр мандаттай байна. Намууд УИХ-д 76 нэр дэвшигч дэвшүүлнэ. Үүнээс 48 нь мажоритари системээр өрсөлдөх бол 28 нь дэмжиж сонгуульд оролцох юм. Тэгээд намынхаа авсан саналын тоогоор 28 нь хуваарилалтад орно. Ингэж холимог систем рүү аажмаар оруулж байна.
-Ардчилсан нам болон парламентад суудалтай, суудалгүй жижиг намууд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд пропорциональ хувилбар давамгайлахгүй бол шинэчлэл болохгүй гэж хэлээд байгаа шүү дээ?
-Энэ бол асар том зарчмын шийдэл. Ер нь тооноосоо илүү хууль доторх “гэдэс, бөөр”-ийг нь маш сайн янзлах ёстой. Хуульд сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах олон нөхцөл бололцоог хааж, хариуцлагыг нэлээд чангаруулсан байгаа. Ер нь гадна талдаа л тоо ярьж байна. Түүнээс биш агуулгын хувьд Сонгуулийн тухай хуулийг чанаржуулсан.
-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжих болов уу?
-УИХ цаг хугацааны хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжоо алдчихсан. Нэг үгээр хэлбэл дэндүү оройтчихлоо. Уг нь сонгуулийн дараахан улстөржилт багатай байх үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан бол илүү үр дүнтэй байх байлаа. Харин одоо сонгууль дөхчихсөн байхад сэтгэлийн хөөрөлд автан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь сөрөг үр дагаврыг үүсгэж мэднэ. Тиймээс л энэ удаа УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй гэж бодож байна.
-Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбож яриад байгаа шүү дээ?
-Одоо мөрдөж буй Үндсэн хуульд нийцүүлэн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.
-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмнэ гэж яриад байгаа. Гэвч Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн. Ер нь гишүүдийн тоог нэмэх шаардлага бий юү?
-Шаардлагатай байж магадгүй. Сонгууль дөхөж байгаа энэ үед гишүүдийн тоог нэмэх нь маш хортой. Одоо бол цаг нь биш.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дараа Орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулах талаар хэлэлцэнэ. Одоогоор УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай зэрэг явуулах тухай ярьж байгаа. Энэ нь хэр зөв юм бол?
-Миний бодлоор энэ хоёр сонгуулийг хамт явуулахгүй байх гэж найдаж байна. Хамт явуулах боломж ч манайд байхгүй.
-Зарим гишүүний хэлж байгаагаар хөрөнгө мөнгө бага зарцуулах учир харин ч хоёр сонгуулийг зэрэг явуулж болно гэх юм?
-Мөнгөнөөс илүү том эрх ашиг цаана нь бий шүү дээ. Хэрэв хамт явуулбал улс орон даяар улстөржилт, хэт өрсөлдөөнд орох нөхцөлийг бий болгоно. УИХ-ын сонгуулийг явуулах гэж асуудал үүсдэг. Тэгтэл орон нутгийн бүх нэгжийн эрх мэдлийн хуваарилалтыг нэг дор хийхэд маш олон хүн ялагдал хүлээнэ. Бас хэдэн мянган хүн сонгуульд оролцох вэ, үүнийг дагаад хэд нь сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах вэ гэх мэт олон асуудал бий. Энэ нь нийгмийг “Дарин дээр шүдэнз зурж байгаа”-тай адил болгоно гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Ялангуяа баг, хороо, сумын удирдлага, Иргэдийн төлөөлөгч, орон нутгийн удирдлагын байгууллага байгуулж байгаа үйл явц зэргийг их тодорхой болгох ёстой. Гэтэл одоо аймаг, суманд хэн олон ах дүүтэй нь сонгогддог байх жишээтэй. Нөгөө талаар Ерөнхий сайд аймгийн Засаг даргад, аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргад хариуцлага тооцож чадахгүй ийм системтэй байна. Тиймээс орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай.
-Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудал хоёр намын эрх ашгаас болж зогсчих шиг боллоо?
-Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асуу. Тэр хүний бүрэн эрхийн асуудал. Жил хүлээлээ. Монгол Улсад авлига байна уу гэвэл тийм. Авлига байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар бид хэд Төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлаад өргөн барилаа. Гэвч хэлэлцэхгүй юм. Авлигатай тэмцэх газрын удирдлагуудад албан хаагчдаа авлига авдаг байж болзошгүй гэж шалгасных нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Үүнээс үзэхэд авлигатай тэмцэнэ гээд байгаа юм уу аль эсвэл тэмцэхгүй гээд байгаа юм уу. Ер нь ойлгомжгүй байдалтай болчихлоо. Энэ талаар хэн ч ярьж, тэмцэхийг хүсэхгүй байна.
-Ерөнхийлөгч “Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын эрхийг нь түдгэлзүүлсний дараа томилоход бэлэн” гэж хэлж байсан?
-Нэг үгээр хэлбэл хуулийн завхрал явагдаж байна. УИХ-ын хуулийн хамгаалалтад байгаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй төрийн албан тушаалтанд шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Мөн Улсын дээд шүүх нь Үндсэн хуулийн Цэцийн эсрэг шийдвэр гаргадаг л болчихсон шүү дээ. Нэг ёсондоо шүүх засаглалын хямрал нүүрлэлээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилснаар шүүхийн шинэтгэлийн талаар нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Хууль хяналтын байгууллага нь ийм замбараагүй байгаа нөхцөлд шинэчлэлт хийж чадах уу?
-Мэдэхгүй юм. Ярих, хийх хоёр өөр. Өнөөдрийн байдлаар хийж байгаа зүйл алга.
-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд шүүмжилж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Гэрээнд өөрчлөлт оруулж улам сайжруулах ёстой. Гэхдээ цаг хугацаа нь мөн үү гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна. Хүүхдээр бол Оюутолгойн төсөл дөнгөж хөлд орж байна. Тиймээс хөлд нь оруулсны дараа өсгөж, насанд хүргэх хэрэгтэй. Үүний дараа өөрчлөлт оруулах боломжтой.
-Хөрөнгө оруулагчдаас “боломжгүй” гэж хэлээд байгаа шүү дээ?
-“Монгол Улсын Засгийн газраас гэрээнд санал оруулах бүрэн эрхтэй” гэж гэрээнд тусгасан байгаа. Гэхдээ хамтын зөвшилцлөөр шийдэх учиртай. Ер нь “Цаг, цагаараа байдаггүй” гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Оюутолгойн орд “Эрдэнэт” үйлдвэрээс дөрөв дахин том. Монгол Улс ганц Эрдэнэттэй байсан бол одоо дөрвөн Эрдэнэттэй болж байна. Тавантолгойн ордыг эргэлтэд оруулчихвал 10 Эрдэнэттэй боллоо гэсэн үг. Тиймээс л “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг сууриа бэлдэх нь чухал. Эхлээд хөрөнгийг бүрэн оруулсны дараа гэрээг засах ёстой.
-Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалт бүрэн орж ирээгүй, үйл ажиллагаа нь дөнгөж эхлэж байхад УИХ-ын гишүүд ингэж шүүмжилж байгаагийн цаана улс төр байгаа гэх яриа бий?
-УИХ-ын гишүүдийн ярьж байгаа санал зөв. Буруу зүйл яриад байна гэж хэлэхгүй. Харин цаг хугацааны хувьд эртдээд байна уу даа гэж боддог. Ялангуяа дэлхийн эдийн засаг уналтад орж байгаа энэ цаг үед Оюутолгойн ордыг хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй. Ярьсаар байгаад хэдэн жил алдсан. Хэрэв 2005 онд Оюутолгойн төслийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр бид үр ашгийг нь хүртэж, иргэдийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Одоо дахиад таван жилийг алдмааргүй байна. Бид зэсийн үнэ хангалттай түвшинд хүрч байхад гэрээ муу байна гэж яриад л ханшийг унагаасан. Тэгэхээр зэсийн үнэ бага байх үеийн гэрээ рүү орчихдог. Энэ мэт хоёр тал руу савласаар байтал цаг хугацаа алдаад байдаг.
-Оюутолгойн төслийн удаашралтай байгаа шүүмжлэл нь эргээд хамтарсан Засгийн газрыг огцруулах яриа гарахад тулж байх шиг байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж яваа гэсэн?
-Парламентын залуу гишүүдийн тухайд энэ талаар яарч шийдвэр гаргахгүй. Бид нэгдсэн байр суурьтай байхыг хичээж байна. Үндсэндээ нэгдсэн эрх ашиг, нэг бодлогоор хөдөлье гэж ярилцсан.