Ж.Сүхбаатар: Сонгуулийн ажлын хэсэг эргэлзээтэй асуудлуудыг нэг мөр болгосон
-УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох хоёр намын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн завсарлагын хугацаанд хэрхэн ажиллав?
-Ажлын хэсэг УИХ дахь намын бүлгүүдийн саналыг авахын сацуу мэргэжлийн болон бусад хүмүүсийн санаа бодлыг сонсоход нэлээдгүй хугацаа зарцууллаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч энэ хуулийн төслийн талаар мэргэжлийн, сонирхогч гэлтгүй санал бодлоо багагүй илэрхийлснийг үзэж судаллаа. УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг хуралдсан. Ажлын хэсгийн удирдамж ёсоор чуулганы эхэнд буюу дөрөвдүгээр сарын 15-наас өмнө хуулийн төслийг бэлэн болгож, өргөн барих үүрэгтэй. Хугацаа нь ч туллаа. Өнгөрсөн ажлын хэсгийн хуралдаанаар төслөө боловсруулалтын хувьд харьцангуй бэлэн болгож, түүнд тавигдах ёстой тодорхой хэдэн эргэлзээтэй асуудлуудаа нэг мөр болгосон. Асуудлыг ерөнхийдөө хумьсан гэх үү дээ. Удахгүй бид дахин хуралдах байх. Тэр хурлаар бэлэн болсон төслийн хэмжээнд ярилцаж, ирэх долоо хоногоос өргөн барих чиглэлээр ярих болов уу гэж ажлын хэсгийн гишүүний хувьд бодож байна.
-Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй нь сонгуулийн тогтолцооны пропорциональ, мажоритар хувилбарын алийг нь сонгох вэ гэдэг асуулт. Үнэхээр ч эл асуудал шийдэлгүй бол ажил урагшлахгүй. Тэгэхээр сонгуулийн тогтолцооны талаар ажлын хэсгийн төвшинд нэгдсэн байр суурьт хүрсэн гэж ойлгож болох уу?
-Юуны түрүүнд сонгуулийн системийг 100 хувь пропорциональ хэлбэрээр явуулъя гэж ажлын хэсгийн төвшинд үндсэндээ ойлголцоод байгаа. Гэхдээ сонгодог пропорциональ системийн онцлог болох санал өгөхөд зөвхөн намыг дугуйлдаг хэлбэрт өөрсдийн улстөрийн онцлог, Үндсэн хуулиар тогтсон эрх зүйн орчныг харгалзахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогч саналаа өгөхдөө нам бус нэр дэвшигчийг ямар нэг байдлаар дугуйлна. Гэхдээ нэр дэвшигчид өгсөн санал намд нь тооцогдоно. Энэ нь нэр дэвшигчдийг эрэмбэлэх боломжийг олгож байвал зүгээр юм гэж үзсэнийх. Ер нь яагаад пропорциональ системийг чухалчлав гэдэг нь өнгөрсний сургамж, өнөөгийн амьдралаас үүдэлтэй. Улсын төсөв, захиргааны хөгжлийн нөөц, боломжийг тарамдсан бодлого хэрэгжихэд өнөөдрийн мажоритар систем түлхэц болж байна. Гэхдээ үүнд цор ганц сонгуулийн тогтолцооноос үүдсэн гэдэгтэй санал нэгдэхгүй гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Ерөөсөө л сонгуулийн төгөлдөршлийн асуудал нь засаг, захиргаа, төрийн албаны шинэчлэлтэй уялдах ёстой. Жишээ нь, УИХ-ын гишүүд хүн амыг төлөөлөхөөс гадна нутаг дэвсгэрийн элч болчхоод байгаа шүү дээ. Нэг үгээр Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшлахуйц хэмжээнд хүртлээ сонгуулийн мандат нь хуваарилагдаж, аль нэг аймгийн сонгогч Улаанбаатарт байгаа гурван сонгогчтой тэнцэхүйц санал өгч байна. Мөн нэг жишээ дурдахад, санхүү, татварын хяналтын нарийн тогтолцоо бүрдэж чадаагүй байхад сонгуулийн санхүүжилтэд тавих хяналт үр дүнтэй байх эсэх нь ойлгомжтой шүү дээ.
-Өөрсдийн онцлогийг харгалзана гээд нэр дэвшигчийг дугуйлбал харин ч нэр дэвшигч буюу хувь хүний нөлөөлөл төдийлөн буурахгүй юм биш үү. Өөрөөр хэлбэл, пропорциональ тогтолцооны үндсэн зарчим алдагдахгүй гэж үү. Ер нь пропорциональ гээд нэр дэвшигчийг дугуйлах хэлбэр практикт байна уу?
- Нэр дэвшигчийг илүүд үзэх талаар ярьдаг нь үнэн. Гэхдээ улстөрийн намууд олон түмний итгэлийг хүлээх ямар хүнийг гаргаж буйг сонгогчийн зүгээс нээлттэй хасах бололцоотой. Сонгогч нэгдүгээрт намд саналаа өгч, нөгөө талаас нэр дэвшигчдийн ямар чансаатайг эрэмбэлэх бололцоог олгох юм. Пропорциональ системд нэр дэвшигчийг дугуйлах явдал бий. Ер нь пропорциональ ч, мажоритар ч бай санал өгөх олон хувилбар бий. Тэдгээр нь өөр өөрийн аргачлалтай. Бидний хувьд сонгуулийн хууль жирийн сонгогчид ойлгомжтой байх ёстой гэсэн зарчим баримталсан. Ер нь жижгэрсэн мажоритароос бусад системд санал өгөх үйл явц, дүнг тооцох нь их төвөгтэй байдаг.
-Тэгэхээр улс бүхэлдээ нэг тойрог болчихвол нэг сонгогч хэдэн саналын эрхтэй байх вэ?
-Нэр дэвшигчдийг саналын хуудсанд жагсааснаас сонгогч хэдэн саналын эрхтэй байна түүнийхээ тоогоор дугуйлна гэсэн үг. Хэдэн саналын эрхтэй байхыг төслөө, өргөн барихаас өмнө шийднэ. Ерөнхийдөө нэг сонгогч нэг санал өгсөн байх бололцоог хангасан байвал зүгээр юм гэж ойлголцсон. Өргөн барих үед өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.
-Сонгуулийн системийн талаар санал нэгдэх нэг хэрэг. Сонгуулийн технологи ажилтай холбоотой том асуудал бий шүү дээ. Тухайлбал, санал хураалт, тооллого гээд хамгийн их маргаан дагуулдаг асуудлын хүрээнд хэрхэн ажиллав?
-Эдгээр асуудал анхаарал татахаас аргагүй. Энэ үйл ажиллагаанд харьцангуй дэвшилтэт технологи хэрэглэх эсэх тухай асуудал ч яригдсан. Үнэндээ тийм ийм технологи хэрэглэнэ гэж нарийн зааж өгөхөд хэцүү. Хамгийн гол нь санал хураалтыг цагийн асуудлаар нэлээдгүй яриа өрнөж байгаа. Манайд 22 цагт санал хураах үйл ажиллагаа дуусдаг. Энэ нь дэлхийд хамгийн орой саналаа өгч байгаа жишээ. Үүнийгээ хөдөө, орон нутгийн онцлогтой холбон тайлбарладаг ч хамгийн уудам нутагтай ОХУ-д сонгуулийн санал хураалт 20 цагт дуусдаг. Бид санал хураалт удаж байна, дүн нь эргэлзээтэй болчихлоо гээд л ярьдаг. Шөнийн 22 цагт санал хураалт дуусч, тооллогын ажлын бэлтгэлийг хангасаар байгаад 00 цагаас хойш санал тоолох ажил эхэлдэг. Ингээд шөнө, үүрээр санал тоолох явцад янз бүрийн хүндрэл тохиолдож байгаа юм. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс цагийн асуудал дээр тодорхой өөрчлөлт оруулбал ямар вэ гэж ярьсан. Гэхдээ өргөн барихад энэ асуудал дахин хөндөгдөх эсэхийг мэдэхгүй байна. Мөн санал тооллогын ажлыг хөнгөвчлөх үүднээс саналын хуудсыг хүлээн авч бүртгэдэг технологи сүүлийн үед яригдах болсон. Хууль зүйн хувьд энэ боломжийг бий болгосон зохицуулалтыг тусгаж өгч болох юм.
-Сонгууль бүрийн дараа хэн ялсан нь тодорхойгүй байдал үүсч, шүүхээр жил тойрон заргалддаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Сонгуулийн маргааныг шүүхийн ба шүүхийн бус замаар шийдвэрлэхэд шуурхай байх, ялангуяа шүүхийн журмаар асуудал шийдэх дээрээ тулбал хуулийн хэллэгээр хялбаршуулсан тусгай журмыг хэрэглэдэг байхаар асуудлыг зохицуулах хэрэгтэй.
-Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулдаг сонгуулийн хороодын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт орсон бол?
-Сонгуулийн хороодыг төрийн жинхэнэ arбан хаагчаар бүрдүүлж, улстөрийн намуудын оролцоог хязгаарлах тухай ярьсан. Гэхдээ улстөрийн байгууллагуудтай ойр ажилладаг төрийн бус байгууллагуудад төрийн жинхэнэ албан хаагчид ихээр харъяалагдах болсон. Өөрөөр хэлбэл, тэдгээр төрийн бус байгууллагуудаар дамжин сонгуулийн үйл ажиллагаанд улстөрийн нөлөөлөл орж ирэхийг хязгаарлах шаардлагатай. Тиймээс бид ямар ч гэсэн үүнийг бодолцох ёстой. Тухайлбал, Эрүүгийн хуульд дагалдах өөрчлөлт оруулж, санаатайгаар сонгуулийн зөрчил үйлдвэл төрийн албан тушаал хаших эрхийг хасдаг байхуйцаар хариуцлагыг чангатгах алхмыг цуг оруулах нь зүйтэй. Үүний зэрэгцээ сонгуулийн хорооны ажил, үүргийг зааглах асуудал гарч байгаа юм. Анхан шатны нэгж болох хэсгийн хороо санал хураах, тоолох, сонгогчдын бүртгэл цаашлаад маргаантай асуудлыг хүртэл хариуцан ажиллаж байгааг зааглаж, тодорхой болгомоор байгаа юм. Жишээ нь, сонгогчдын бүртгэлийн асуудлыг сонгуулийн хороо шууд хариуцах нь буруу. Үүнийг иргэний бүртгэлийн байгууллагад илүүтэй хариуцуулж, сонгогчдын бүртгэл нь иргэний бүртгэл хариуцсан байгууллага, албан тушаалтны эрх үүрэгт шилжих юм. Энэ нь нэг талаас эрхлэх ажил, хариуцлагыг тодорхой болгож байгаа хэрэг.
-Хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар нэлээдгүй яригдаж байгаа. Квотыг тусгасан уу?
-Эмэгтэйчүүд маань удаа дараа асуудал тавьж, санал бодлоо илэрхийлж байгаа. Мянганы хөгжлийн зорилтыг хангах бодлогын хүрээнд хүйсийн тэгш байдлыг хангах зорилтыг дэвшүүлсэн байдаг. МАХН-ын дүрэмд ч эмэгтэйчүүдийн тодорхой квотыг бий болгон тэднийгээ дэмжиж ажилладаг. Энэ утгаараа төсөлд эмэгтэйчүүдийн квотыг тодорхой хэмжээгээр тусгах ёстой. Яг төдөн хувь гэж нарийн тогтоогүй байгаа ч 15-аас доошгүй хувиар тогтоох талаар ярилцсан.
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр ажлын хэсэг ажилласан уу?
-УИХ-ын сонгуулийн хуультай хамт өргөн барихгүй ч үүнийг дагалдан Сонгуулийн төв байгууллагын тухай болон Орон нутгийн сонгуулийн хуулиуд хөндөгдөх учиртай. Сонгуулийн төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг сайжруулах үүднээс зарим зохицуулалтыг хийнэ. Орон нутгийн сонгуулийн хуульд мэдээж УИХ-ын сонгуулийн хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан зохих ёсны өөрчлөлт хийнэ.