Ө.Энхтүвшин: Хугацаатай завсарлага авах заалтыг оруулж чадсангүй
2010.12.24

Ө.Энхтүвшин: Хугацаатай завсарлага авах заалтыг оруулж чадсангүй

УИХ өчигдрийн нэгдсэн чуулганаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Хамгийн гол анхаарал татсан асуудал нь УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл байв. Дөрвөн ч хуулийн төслийг нэгтгэж өөрчлөлт оруулсан бөгөөд Ө.Энхтүвшин гишүүний санаачилсан төсөлд суурилсан юм байна. Харин Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд тусад нь авч үзэхээр болсон. Учир нь энэ төслийн хувьд Байнгын хорооны гишүүд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. Харин батлагдсан хуульд уг, үсэг, тоо зэрэг 80 орчим өөрчлөлт оржээ. Уг хуулийг санаачилсан Ө.Энхтүвшин гишүүнтэй ярилцлаа.


-УИХ-ын дэгийн тухай хуульд
оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хамгийн гол чухал зүйл заалтууд нь юувэ?

-Агуулгынхаа хувьд маш өргөн өөрчлөлт болсон. Мөрдөж эхлэхээр аяндаа харагдана. Жишээ нь, Байнгын хороодын чиг үүргийг нэлээд тодорхой болгож, аль байнгын хороогоор хэлэлцэх нь мэдэгдэхгүй асуудал хаягддагийг шийдсэн. Төрийн бус байгууллагуудтай харилцахад тухайн асуудлыг аль Байнгын хороогоор хэлэлцэх нь огт ойлгомжгүй байсаар өдий хүрсэн юм. Шууд бус хамааралтай, зарим чиг үүргийг нь нэг Байнгын хорооноос нөгөө рүү нь шилжүүлсэн. Хоёрдугаарт, УИХ-ын намрын болон хаврын чуулганы хугацааг тогтоож өглөө. Намрын чуулган аравдугаар сараас хоёрдугаар сарын 10 хүртэл, хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 1 хүртэл хуралдана гэж заасан байгаа. Ингэж хугацаа тавьсан нь ажлаа урсгалд нь хаяхгүй, хэлэлцэх асуудлаа долоо арав хоногоор нь төлөвлөх, амжуулахад гол үүрэгтэй юм. Дараагийн чухал зүйл нь гишүүдэд хүлээлгэх хариуцлагын асуудал байгаа юм. Дээр үед УИХ мөрдөж байгаад сүүлд хасчихсан хариуцлагын тухай заалтуудыг дахин оруулж ирж байгаа. Хоорондоо маргаж, хуралдааны хэвийн байдлыг алдагдуулбал шат дараалсан арга хэмжээ авахаар болсон. Тухайн өдрийн хуралдаанд эсвэл асуудал хэлэлцэж дуустал тэр гишүүнийг чуулганд оруулахгүй байх гэх мэт. Зүгээр нэг шаардлага тавих биш, санал өгөх эрхгүй болгож, ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх болж байгаа юм.

 

-Нэгдсэн хуралдааныг бас өөрөөр журамлаж байгаа гэл үү?

-УИХ-ын гишүүн Үндсэн хуулийн цэцэд иргэний хувиар ханддаг байсан. Үүнийг УИХ өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандах боломжтой болгож өөрчилсөн. Ингэхдээ эхлээд өөрийн хандах асуудлаа Байнгын хорооны хурлаар оруулж танилцуулна. Дараа нь нэгдсэн хуралдаанд оруулж, дэмжвэл УИХ-ын дарга, УИХ-ын нэрийн өмнөөс Үндсэн хуулийн цэцэд бичгээр хүсэлт явуулах юм. Сонгуулийн маргаантай холбоотой болон аливаа албан тушаалтан хууль зөрчсөн зэргийг Үндсэн хуулийг 66.2 дугаар зүйлээр зохицуулдаг. Тэр заалт хэрэгжихгүй яваад байсан. Мөн Байнгын хороодоос албан тушаалын томилгоотой холбоотой санал оруулах тохиолдол нэлээд байдаг. Тухайлбал, МҮОНТР-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо оруулна гэж байгаа. Харин хэрхэн оруулах нь тодорхойгүй байсныг Байнгын хорооны гишүүд санал оруулаад, нууцаар санал хурааж нэр дэвшүүлнэ. Түүнийг нь тухайн Байнгын хорооны санал гэж үзнэ. Тэрнээс биш ганц даргын, эсвэл ганц гишүүний оруулсан нэрийг санал гэж үзэхгүй. Өдөр тутмын амьдралд гарч ирдэг мөртлөө хуулийн зохицуулалт байдаггүй тэр бүгдийг энэ хуульд оруулж байгаа юм. УИХ-ын нэгдсэн хуралдаан дэг журамтай, бага цагт үр дүнтэй байлгах нь чухал. Жижиг боловч чухал нэг заалт байгаа нь шинээр төсөл оруулж ирэхээр хууль санаачлагчийн илтгэл гэж их урт зүйл уншдаг. Тэрний дараа 30, 40 гишүүн асуулт асууж, хариулт авдаг. Байнгын хороод болон намын бүлгийн хурлаар хэлэлцсэн хэрнээ асуугаад л байдаг. Дараа нь Байнгын хорооны дүгнэлтийг бас л сонсдог. Энэ нь маш үр дүн муутай, цаг их зарцуулсан ажил болдог. Харин одоо хууль санаачлагч илтгэлээ тавилаа, дараа нь Байнгын хорооны санал дүгнэлтийг сонсоно. Тэгээд асуултаа асууна. Ингэвэл арай үр дүнтэй, цаг хэмнэсэн болох юм.

 

-Таны санаачилсан заалтууд бүгд орж чадсан уу?

-Бараг бүгд орсон. Дээр нь бусад гишүүний санаачилсан төслийн санал ч бий. Бас нэг томоохон өөрчлөлт орсон нь хоёр дэд хороо нэмж байгуулахаар болж байгаа. Нэг нь Сонгогчийн бүртгэлд хяналт тавих дэд хороо юм. Үүнийг анх хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа тохирсон ч, одоо хүртэл хэрэгжээгүй юм. Сонгогчийнхоо бүртгэлийг цэгцэлж чадалгүй сонгуульд ордог, нэгнийгээ баахан луйварчин энэ тэрээр нь дууддаг, тэгээд долдугаар' сарын 1-нийх шиг юм болдог. Тиймээс бүртгэлээ цэгцлэх ёстой. Иймээс энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг байнгын дэд хороо байгуулах юм. Харин нөгөө нь Өргөдөл гомдлын дэд хороо, Иргэдээс ирсэн өргөдөл тэгэсхийгээд дарагдчихдаг. Иргэдийн саналыг авсан болоод өөр хүн рүү шилжүүлэх, эсвэл ерөнхий хариулт өгөөд л дуусдаг.' Зарим нь хариу өгөх ч үгүй байгаа. ҮүнД хяналт тавьдаг дэд хороо юм Байнгын хороо байгуулъя гэсэн ч одоохондоо энэ чигээр нь, хэнд ямар өргөдөл гомдол ирэв, түүнийг яаж зохицуулав гэдэгт хяналт тавих юм. Засгийн газарт болон гишүүдэд ирсэн санал гомдлыг нэгтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүст хүргэж байх юм.

 

-Ч.Сайханбилэггишүүнийболовсруулсан төсөлд асуулт тавих гишүүдийн тоог хязгаартай болгоно гэсэн байсан. Энэ саналыг дэмжсэн үү?

-Үгүй, хуучнаараа. Түрүүний хэлсэн шиг Байнгын хороо, хууль санаачлагчдын илтгэлийг сонссоны. дараа нэгтгэж асууна гэсэн үг. Урьд нь хэн үг хэлэх вэ гэдгийг долоо хоногийн өмнө зарладаг байсан. Тэр хүмүүс нь үгээ хэлэхдээ бүр индэр дээр гардаг байлаа. Үүнийг гишүүдийн эрхийг хязгаарласан зүйл гэж гишүүд нэлээд эсэргүүцсэн. Өөр байр суурьтай байж болох гишүүдийн дуу хоолой алга болно гэж үзсэн юм.

 

-Танд сэтгэл дундуур үлдсэн зүйл бийюу?

-Нэг зүйл бий. Гэхдээ яах вэ, хоёр намын бүлгийн гишүүд зөвшилцөөд гаргасан шийдвэр болохоор нэг их . зовнисон зүйл алга.Уг нь тэр завсарлага, авдаг асуудлын тухай заалт, бараг амин сүнс нь гэмээр заалт байсан юм.Аль нэг намын бүлэг тухайн асуудлаар , хуралдаанд орохгүй гээд хойшлуулдаг. Тэр нь нэгдсэн хуралдаанд дөрвөн жил ч орохгүй байж болно. Тэгэхээр асуудлаа хэлэлцэхгүй, их утгагүй зүйл болох юм л даа. Үндсэн хуульд УИХ олонхоороо асуудлыг шийднэ гээд заачихсан байдаг. Гэтэл цөөнх болсон бүлэг нь бид орохгүй гэчхээр тэр чигээрээ гацчихна. Бас тасралтгүй ажиллагаатай парламентийн үйл ажиллагаанд хамгийн муугаар нөлөөлж, олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэх болдог. Үүнийг би ажлын арав хоногийн дотор саналаа нэгтгэх заалт оруулсан байсан юм. Хэрэв тэр хугацаанд багтахгүй бол олонхоороо шийдвэрээ гаргах ус агаар шиг хэрэгтэй заалт байсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт орж таарна л даа. Ийм байж болохгүй юм. Энэ чигээрээ байгаад байвал, дараа дараагийн сонгуулиар цөөнхийн найман гишүүн бүлэг байгуулаад. тухайн асуудлаар хуралдаанд орохгүй гэчихвэл ахиад л асуудлаа шийдэж чадахгүйд хүрнэ. Яагаад ийм хачин заалт орсон юм бүү мэд.Үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй заалт. Ардчилсан намын бүлэг ч ялгаагүй УИХ-ын дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхгүй гэсээр байгаад хоёр жил болсон шүү дээ. Бусад заалтууд нь үүнээс болоод хэрэгжиж чадахгүй зүгээр хэвтээд байдаг. Хуулиа гаргая гэдэг том эрх ашгийн үүднээс л завсарлагатай холбоотой том заалтыг хасаж энэ хуулийг баталлаа даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.