Ж.Сүхбаатар: Тогтолцооны шинэчлэл хийж чадлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Өмнөх хуулиас юугаараа дэвшилттэй болсон бэ?
-Нэгдүгээрт, тогтолцооны шинэчлэлээ хийж чадлаа. Бид сонгуулийн холимог тогтолцоо руу шилжих шилжилтийг хийлээ. Хоёрдугаарт, урд нь мажоритар тогтолцоогоор байнга явж ирсэн сонгуулийн тогтолцоогоор сонгогчдын олон санал гээгддэг байсан. Одоо УИХ-ын 76 суудлын 28 нь үндэсний хэмжээнд санал хураагдана. Ингэснээрээ хүн амын төлөөлөл өмнөх сонгуулийн тогтолцооноосоо илүү сайжирч, сонгуулийн үр дүн парламентад тусгалаа олохоор зохицуулагдлаа. Түүнийгээ дагаад сонгогчдын эрх ашиг хангагдаж байгаа гэж ойлгож болно. Гуравдугаарт, шинэ хуулийн хүрээнд сонгуулийн үеэр гардаг хууль бус сурталчилгаа, сонгогчдын бүртгэлтэй холбоотой будлианыг цэгцэлсэн. Хамгийн том зарчмын өөрчлөлт бол сонгогчдын бүртгэлийг цэгцлэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг боллоо. Харин Сонгуулийн ерөнхий хороог санал хураалтаа зохион байгуулах хэлбэр рүү шилжүүлж байна. Дөрөвт, хууль бус сурталчилгаатай холбоотойгоор сонгуулийн жил эхэлсэн оны нэгдүгээр сарын 1-нээс аливаа үйлдлүүд дээр тодорхой хязгаарлалт тавилаа. Мөн хэрээс хэтэрсэн, мөнгөн амлалт, элдэв төрлийн бусдыг төөрөгдүүлсэн амлалт өгөхийг хаасан.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл явцад сонгогчид, нам, эвсэл гээд оролцогч бүх тал мэдээллийн зөв урсгалд орлоо.
Ингэснээр Монголын ард түмэн өөрсдийн сонгож байгуулах УИХ-ынхаа эрх мэдлийг хэнээс ч хамааралгүй бие дааж хэрэгжүүлэх, зөв чиглэлд явуулах чиглэлд алхам болсон. Хэлэлцүүлгийн шатанд бүлгүүдийн хувьд зөвшилцөж, ойлголцож хийсэн асуудлууд, санал зөрөлдөж байгаад тохиролцсон зүйлүүд бий. УИХ-ын гишүүдийн санаа бодол, парламентад суудалгүй намууд, төрийн бус байгууллагуудын маш олон санал тусгагдсан. Зарим нь олонхын санал аваад явсан. Гэсэн ч цаашид хууль тойрсон шүүмжлэл өрнөхийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан гурван жилийн туршид ажилласны хүчинд холимог буюу тогтолцооны шинэчлэл хийж чадлаа. УИХ үүргээ гүйцэтгэлээ гэж дүгнэж хэлмээр байна. Аливаа хуулийн сайн, муу талыг гаргаад яривал олон зүйл хэлж болно. Гэхдээ би бүхэлд нь эергээр харж байна. Өмнөх сонгуулийн хуулиас хамаагүй дэвшилттэй болсон.
Жагсаалтад орох 28-ыг УИХ-д оруулахдаа намын удирдлагууд үзэмжээрээ шийднэ гэсэн хандлага байна. Нөгөө талаас жагсаалтад бичигдсэн хүмүүсийн урд талд тойрогт нэр дэвшээд унасан хүмүүс орж байгаа нь ямар учиртай вэ?
-Шилжилт бол анх УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж байсан гол нөхцөл байсан, бид зөвшилцсөн. Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг бол бидний тогтож ирсэн соёлоос өөр соёл рүү шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоогоор зөвхөн хэн түрүүлж барианд орсон, хэн ялагч вэ гэдэг нь чухал байсан. Ялсан нь төлөөлөгч болно гэсэн зарчим үйлчилж байсан. Одоогийн шилжилтийн тогтолцоогоор бол ард түмний төлөөлөгчдийн байгууллага бол парламент учраас хүн амыг төлөөлөх нь чухал юм.
Тэр төлөөллийг хэрэгжүүлэхэд хамгийн гол үзүүлэлт нь улс төрийн нам бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд олон түмнээс итгэл авсан байх ёстой.
Тодорхой сонгогчдын төлөөллийг тэр намын нэрээр орох хүн авсан байх ёстой гэдэг. Энэ хоёрыг хослуулах замаар хийдэг. Тэр нь заавал ялагч биш, чи тодорхой сонгогчдын төлөөлөл байх ёстой, тодорхой итгэл дэмжлэгийг нам чинь авсан байх ёстой гэдэг. Өмнөхтэй нь харьцуулаад хэлэх юм бол сонгуулийн улс төрийн соёлын хувьд арай өөр хэлбэр рүү шилжиж байгаа юм. Нам нэр дэвшүүлэхдээ дотоод ардчилал, дүрмийн дагуу Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намынхаа бага, их хурлаараа нууц санал хураалтаар дэвшүүлдэг зарчим хадгалагдана. Пропорциональ 28 мандатаар улсын хэмжээнд санал хураагдах учраас энд орж байгаа нэр дэвшигчид бүгд 76 хүн байна. 76 бүх хүн намын нэрийн жагсаалтад орно. Харин 26 тойрогт нэр дэвших 48-н нэр дэвшигч бол тэр 76 дотроосоо орсон хүмүүс байх учраас саяны тохиолдолд өмнөх байдлаасаа АН-ын сонгон шалгаруулалт журмаас нэг их өөрчлөгдөж байгаа зүйл байхгүй. Иргэд бол тойрог дээрх хувь нэр дэвшигчид ч саналаа өгөөд, намаас нэр дэвшигчид ч саналаа өгнө. Сонгуулийн хууль өөрөө шударга бус гэдэг юмуу хууль зөрчилдөх гэдэг талаасаа арай өөр соёл юм.
Нам авсан суудлаа яаж хуваарилах вэ?
-76 нэрийн жагсаалт гарна. 26 тойрогт нэр дэвшиж байгаа 48 нэр дэвшигч энэ жагсаалтад орно. Эхний ээлжид 26 тойрогт өрсөлдөж байгаа 48 нэр дэвшигч тодорхой санал аваад шууд сонгогдчих юм бол шууд сонгогдоно. Сонгогдсонд тооцогдоогүй боловч ялсан гээд байгаа УИХ-ын гишүүнээс тодорхой саналын зөрүүтэй байгаад, нам нь илүү олон түмний итгэл хүлээж 28 суудлаас 14,15 суудал авсан бай-лаа гэхэд тэр суудалдаа хэнийг оруулах вэ гэхээр эхний ээлжид тэр тойрог дээр нэр дэвшиж тодорхой хэмжээний санал авсан хүмүүсээ оруулна. Мөн цаана үлдэж байгаа 28-аас оруулах хувилбар байгаа. Энэ бол хэд, хэдэн янзын хувилбарыг ярих хэрэгтэй болно. Тодруулж бүрэн хэлэхэд хэцүү байна. УИХ-д тухайн нам, эвсэл ялалт байгуулсан нөхцөлд гүйцэтгэх эрх мэдлийг, Засгийн газрыг өөрөө бүрдүүлдэг. Тэр тохиолдолд бас тодорхой хэмжээнд энэ 76 нэрсийн жагсаалттай бусад оронтой нэгэн адил маневарлаж тэндээсээ гүйлгэж сайд нараа бүрдүүлэх. Тэр хэмжээгээр суларсан суудал дээр арынх нь жагсаалтад байгаа улсуудыг оруулах гэх мэт зохицуулалтууд бий.
Тойрогт нэр дэвшээд унасан нэр дэвшигчийгжагсаалтын 28 руу шилжүүлэх тохиолдолд хувь тогтоож байгаа нь ямар учиртай вэ?
-28 хувийн босго байгаа шүү дээ. Миний түрүүний хэлдгээр хүн амын төлөөлөл болж байгаа учраас хуучин буюу хүчингүй болсон хуулиар тогтож ирснээр 25 хувиас доошгүй байх шаардлага бай-сан. Үүнтэй ойролцоо үндсэндээ 28 хувийн санал авах ёстой хүмүүс ороод явна. Хүмүүс сонирхож байна. Үлд-сэн 28 чинь яах юм бэ гэж. 76 нэрийн жагсаалт бүхий нам санал хураалтад үндэсний хэмжээнд оролцож байгаа учраас тэр намын төлөө саналаа өгнө гэдэг бол тэр 76 хүний төлөө саналаа өгч байгаатай ижил ойлголт. Тэр 76 нэр дэвшигч нам хэдэн хувийн санал авч байна, тэр саналыг тэр 76 гишүүн авч байна гэсэн уг. Тэгэхээр шууд сонгогдож байгаа гэдэг юм уу, шударга ёс гэдэг зарчимтайгаа зөрчилдөхгүй.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирал УИХ-д нэр дэвшүүлэх тохиолдолд сонгууль болохоос зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Засгийн газрын гишүүдийн хувьд яах вэ?
-Энэ Сонгуулийн хуулиар журамласан юм бол улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд сонгуульд өрсөлдөх санаа байгаа бол сонгуулийн жил эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөхийг шаардаж байгаа. Энэ нь улс төрийн албан тушаалтанд өрсөлдөж байгаа хүн цаашид төрийн албанд ажиллана гэсэн зорилгогүйгээр эрсдэлээ үүрээд намынхаа шугамаар улс төрийн тодорхой бодлого зорилтыг хэрэгжүүлэхээр сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийнхөө ажил албаа зохицуулах хэрэгтэй гэсэн уг.
Хэрвээ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс сонгуулийн ур дүнгээс үл хамаараад би олон түмэнд үйлчлэх үйлчилгээгээ үзүүлнэ гэвэл түүнийгээ сонго.
Улс төрд орох гэж байгаа бол эртнээс бодол санаа зорилгоо тодорхой болгоод, тэр замаараа яваад намынхаа, улс төрийнхөө ажлыг хийгээч ээ гэж байгаа юм. Ингэж явах нь юунд хэрэгтэй гэхээр одоогийн Төрийн албаны болон Төсвийн алдагдлын тухай хуулиар сайд болон улс төрийн албан тушаалтнууд төсөв шууд захиран зарцуулах эрх эдэлдэггүй. Харин төсвийн ерөнхий менежер бол төсвийн бодлого шийдвэр боловсруулдаг бүх үйл ажиллагаанд гол хүмүүс нь албан хаагч нар байгаа. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаанд төсвийн хөрөнгийг дайчилж байгаа асуудал, төсвийг зүй бусаар албан ажилдаа ашиглаж байгаа асуудал улс төрийн албан тушаалтанд яригдахаас гадна тэдгээр их холбогдож тавигддаг байсан. Тийм учраас энэ зохицуулалтыг хийж байгаа. Энэ дээр нэлээд шүүмжлэл гарч байгаа юм бий.