Ж.Сүхбаатар: ”Сонгууль хуучнаараа явна гэж бодож байгаа бол үгүй шүү”
Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж шийдвэрээ гаргасан. Харин үүнийг нь УИХ хүлээж авахгүй бол яах вэ, хүлээн авсан тохиолдолд УИХ-ын сонгуульд өөрчлөлт оруулж болохгүй байх зургаан сарын хугацаанд багтаж буй юм чинь хэрхэх вэ зэрэг асуултанд улстөрчид ялгаатай тайлбарыг өгч байгаа.
Харин энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын байр суурийг сонирхлоо.
-Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Үүнийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журмыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Одоо ээлжит чуулганы завсарлагааны хугацаа таарсан байна. Хуульд зааснаар, УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганы чөлөөт цагт Цэц шийдвэр гаргасан бол чуулган эхэлснээс хоошхи тав хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох байнгын хороо хуралдаж, тухайн асуудлыг хэлэлцэж, дүгнэлтээ гаргах ёстой. Иймд ирэх сарын 5-нд хаврын чуулган эхлээд тав хоногийн дотор Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлт гаргах учиртай.
-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах, эсвэл хүлээж авахгүй гэдгээс ямар үр дүн гарах вэ?
-Хэрэв Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал тухайн асуудлаар холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг УИХ-д байгаа. Гэхдээ УИХ тухайн асуудлыг бүхлээр нь болон хэсэгчлэн хүлээж авахаа шийдэх эрхтэй. Ер нь УИХ хүлээж авахгүй гээд шийдчихвэл Цэц их суудлынхаа хуралдааныг хийж шийдвэр гаргана. Тэр нь эцсийн шийдвэр болох учиртай.
-Хүлээн авсан тохиолдолд, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийн заалтанд зөрчилдөхгүй юу?
-Цэц дүгнэлтээ гаргахаас ч өмнө УИХ-ын зарим гишүүд энэ асуудлыг ярьж байсан. Цөөнгүй гишүүн ийм асуудал үүсэх юм биш үү гэж надтай уулзахдаа хэлж байсан удаатай. Цэцийн хуралдаан дээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суусан Р.Гончигдорж гишүүн Цэцийн гишүүдэд хандаж яг энэ асуудлыг сануулж байсан. Харин Цэцийн дунд суудлын хуралдааныг даргалагч “Хууль тогтоогчид өөрсдөө мэдэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон заалт оруулсан. Хэрэв алдаа гарсан гэж үзвэл алдаагаа засах нь тусдаа асуудал” гэх маягаар тайлбарласан л даа.Тэгэхээр таны хэлсэнчлэн, УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнөх хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт бол хууль батлагчид өөртөө ашигтай байдлаар хуулийг өөрчилж болохгүй гэсэн утгатай заалт юм. Манай практикаар бол сонгуулийг ойртуулж байгаад сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг явдал байсан. Тиймээс сонгуулийн дүрмийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангах үүднээс ийм зохицуулалтыг хийсэн. Мөн сонгуулийн өмнөх зургаан сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ч хориглосон. Энэ заалтыг үндэслээд Цэц ийм шийдвэр гаргангуут УИХ хүлээж авч болохгүй гэж үзэх хүмүүс байна. Тэдний үзэж байгаагаар Цэцийн дүгнэлийг хүлээж аваад заалтаа өөрчилбөл сонгуулийн хуультай зөрчилдөнө .Түүнчлэн Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс бий. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуульд хяналт тавьдаг дээд байгууллага шүү дээ. Эцэг хуульдаа нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан байхад УИХ тухайн хуулийн алдааг засах үүрэгтэй. Гэхдээ миний хувьд одоогоор ингэж шийдвэрлэнэ гэж хэлчих боломж алга. Манай байнгын хороо хуралдаад шийдвэрээ гаргана.Хэлж чадах зүйл бол чуулган эхлэнгүүт тав хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хэлэлцээд шийдвэрээ гаргана. Хүлээж авна гэвэл нэмэлт, өөрчлөлт оруулна. Үгүй гэвэл Цэцийн их суудлаараа хуралдаж шийдвэрээ гаргаж таарна.
-Унасан заалтаа хэрхэн өөрчлөх юм?
-Хууль зүйн талаас нь харж байж болно. Цэцээс дүгнэлтээ албан ёсоор ирүүлээгүй байна. Ирсэн үед нь УИХ өөрийн эрх зүй, үйл ажиллагааны хүрээнд л шийдвэрлэнэ. Сонсож байхад “гулсах”, “шилжих” гэж яриад байгаа заалтыг Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэдэг байдлаар Цэцийн дүгнэлт гарсан. Хэрэв УИХ хүлээж авбал ямар өөрчлөлт оруулах вэ гэвэл ганц биш хэд хэдэн хувилбар байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Цэцийн дүгнэлтийн гол агуулга болсон заалтуудыг уншиж танилцаж байж шийдэх ёстой.Гэхдээ би ийм хувилбар байна гээд хэлэх арга алга. Харин хуульд заасны дагуу дээр хэлсэнчлэн арга хэмжээг авч даруйхан шийдэх хэрэгтэй байна. Ер нь хаврын чуулган эхлэнгүүт хоёр долоо хоногтоо багтаагаад сонгууль тойрсон асуудлуудыг шийдэх бодолтой байгаа. Тэгэхгүй бол сонгуулийн үйл явцад хүндрэл үүсч болзошгүй. Учир нь сонгуулийг товлон зарлахад хоёр сонгуулийг хамт явуулах эсэхээ хүртэл шийдсэн байх хэрэгтэй. Сонгуулийн ажил тавдугаар сард эхэлчих гээд байдаг. Гэтэл бэлтгэл ажил хангагдаагүй байх гээд байна.Гол нь бид сонгуулийн тогтолцооны шинэчлэлээсээ ухарч болохгүй гэсэн байр суурийг баримтлах ёстой. Зарим хүн сонгууль хуучнаараа явагдана гэж хэлээд байгаа л даа. Энэ бол эндүүрэл шүү. Сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болголоо гээд бүхлээрээ хүчингүй болсон юм биш ээ.Тэр “гулсдаг”, “шилждэг” гэж яриад байгаа заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан болохоор УИХ урьдын ээдрээтэй байдалд орж болохыг үгүйсгэх арга алга. Бид дахиад л шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Оновчтой шийдвэрт хүрэхийн тулд бид дахиад нэг сорилттой тулгарч байна. Аливаа шүүх, Цэц зэрэг хуулийн дээд байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр арга зам байхгүй.Ямар ч тохиолдолд улстөрийн тогтвортой байдал, сонгуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс төрийн байгууллагууд өөрсдийн үүрэг хүлээсэн байдаг. Энэ удаад аль болох сэтгэлийн хөдөлгөөнөө барьцгааж, хуулийнхаа хүрээнд шийдлээ гаргах нь зүйтэй байна.