Ж.Батсуурь: Мажоритариар явах 48 тойргийг ихэнх аймагт хоёр хоёр байхаар тогтсон
2011.10.14

Ж.Батсуурь: Мажоритариар явах 48 тойргийг ихэнх аймагт хоёр хоёр байхаар тогтсон

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн асуудал нийгмийн анхаарлыг татсан хэвээр байна. Ардын намын бүлэг 48:28 гэсэн хувилбар дээр тогтсон. Эндээс яриагаа эхлэх үү?

-Сонгуулийн хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байсан. Урьд өмнө болсон сонгуулиудын алдааг засаж, залруулах, дээрээс нь сонгогчдын санал, үзэл бодол 100 хувь хэрэгжих ёстой.

Сонгуулийг ямар нэгэн будлиангүй болгохын тулд Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох нь чухал.

Монгол Улсын газар нутаг, засаг захиргааны хуваарь зэрэг олон талыг харгалзах хэрэгтэй. Бид энэ удаа холимог хувилбарыг хэрэглэе, мажоритари давамгайлсан 48:28 гэсэн хувилбарыг сонгосон. Цаашдаа өргөн хэрэглэгддэг пропорциональ тогтолцоог дангаар нь хэрэглэх боломж байна уу, үгүй юу гэдгийг авч үзэхээр холимог хувилбарыг сонгож байгаа хэрэг.

-Холимог хувилбарын сайн тал нь юу вэ?

-Холимог хувилбарыг сонгосон нь хуучин мажоритари тогтолцоог ил үүд үзэж байгаа хэрэг. Тэгэхгүйгээр Шууд пропорциональ хэлбэр рүү шилжвэл намын байр хавьдаа эргэлдсэн гишүүдтэй болно» гэж Ц.Нямдорж гишүүний хэлээд байгаа нь гашуун үнэн. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн хариуцсан тойрогтой байж, улс орноо хөгжүүлэх хот, хөдөөгийн ялгааг арилгах тал дээр анхаарах шаардлагатай. Нам, намын Удирдах зөвлөл, намын дарга шийдсэн гээд хэдхэн хүн хууль хэлэлцэж, намын эрх ашиг гээд яриад байх нь Монгол Улсын хөгжил дэвшилд ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоо тийм л байдлыг бий болгоно. Хуулийн сүүлчийн хэлэлцүүлэг явагдаж байгаа учир зарчмын хувьд тогтох ёстой.

-Ардчилсан намын гаргаж байгаа зарим саналыг хүлээж авсан гэсэн?

-Манайх анхны 50:26 гэсэн хувилбараасаа уян хатан бодлого барьж, 52:24 болсон, одоо бүр 48:28 гэдэг дээр тогтлоо. Нөгөө намаас гаргасан олон саналыг хүлээж авсан. Тухайлбал тойрогт   мажоритари  системээр нэр дэвшээд, пропорциональ хэлбэр рүү шилжих, пропорциональ хувилбарт намын төлөө саналаа өгдөг байя гэх мэт саналыг нь манай нам хүлээж авсан.

-Тэгвэл 48:28-ынхаа хуваарилалтын талаар бүлгийн хурал дээр тодорхой зүйл ярьсан уу?

-Мажоритари болох 48 тойргийг ихэнх аймагт хоёр, хоёр байхаар тогтсон. Хүн ам цөөтэй Дундговь, Говь-Алтай, Булган зэрэг аймагт нэг тойрогтой байх юм.Улаанбаатар хотын хувьд 10-аас дээш тойрогтой байх шаардлагатай гэсэн байдлаар саналаа өгчхөөд хүлээж байна.

-2008 оны сонгуулийг олон мандаттай явуулж байсан. Хуваарилалтаа яаж хийх бол?

-Олон мандаттай тойрогт нэр дэвшсэн намын гишүүд хоорондоо зөрчилдөх, байр сууриа булаацалдахаас гадна тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа намын байгууллага, иргэд хамт олон, айл өрхийг ч хагаралдуулж, энэ Нямын хүн, тэр Доржийн хүн гэж маргалдах жишээтэй. Энэ асуудал аймаг, сумын хэмжээнд  их, гарч байгаа ажиглагдсан. Ирэх оны  сонгуульд тийм асуудал үүсэж магадгүй.

-Чуулган эхэлснээс хойш хүчтэй яригдаж байгаа бас нэг халуун сэдэв бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал. Таны байр суурь?

-Оюу толгойн гэрээг Засгийн газраас анх өргөн барьж байхад нь л би шүүмжлэлтэй хандсан. Нэгдүгээрт тодорхой хувийг нь эзэмших учраас олон татвараас чөлөөлөх санал орж ирсэн. Уул уурхайн гэрээнд татвараас хөнгөлж, чөлөөлдөг асуудал ерөөсөө байж болохгүй. Магадгүй хувь эзэмшихээс илүү ач холбогдолтой.

Ордыг ашиглаж байгаа нөхцөлд бүх татварыг авах л хэрэгтэй гэдгийг хэлсэн нь энэ хуульд тусгагдсан.

Мөн 2009 онд эдийн засгийн хямралтай байх үед Оюу толгойн урьдчилгаа болгож хэдэн төгрөг өндөр хүүтэй, арилжааны зээлээр авсан. «Оюу толгойн урьдчилгаа орж ирлээ» гээд ам.долларын тоо бичсэн том цаас далбайлгаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэнд цуурч, «рекламдаж» байсан. Миний хувьд зөвхөн авах ёстой татвараасаа урьдчилж авах гэсэн санал дээр хатуу зогсож байсан. Харамсалтай нь Засгийн газар энэ саналыг авч хэлэлцээгүй.

-Нэр бүхий 20 гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ?

-2006 оны Ашигт малтмалын тухай хуульд 30 жилийн  дараа  эзэмших хувиа нэмж болно гэдэг болгоомжгүй заалтууд байсан. Энэ хуулиар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг урт хугацаагаар байгуулсан. Ашиглалтын зардлаа нөхсөний дараа Монголын талын хувийг 50-д хүргэнэ гэсэн   тодорхойгүй заалтууд байгаа учир манай гишүүд шүүмжлэлтэй хандсан байх. Гэхдээ би Засгийн газрыг хууль зөрчсөн гэрээ байгуулаагүй гэж бодож байна. Монголын тал 50 хувийг эзэмшихгүй ч гэсэн гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан. Энэ асуудлыг цаашдаа хэлэлцэж, ойлголцож явцын дунд гэрээндээ тодорхой тодотгол оруулах арга хэмжээ  нүүд авагдах байх. Энэ бол тийм айхтар хурцлаад байх  асуудал биш.  Монгол Улс дэлхийн олон улстай харилцаж, дэлхийн анхаарлын төвд ороод байгаа.

Өнөөдөр манай орон юу юугүй бие даасан мундаг эдийн засагтай улс хараахан болоогүй байна.

Энэ олон орд газрыг ашиглахад техник, технологийн хүчин чадал, хөрөнгө оруулалт дутаж таарна. Тийм учраас гадаадын улс орнуудтай харилцахдаа олон улсын харилцааны жишиг, зарчмыг баримтлалгүйгээр бидэнд л ашигтай байна гэсэн үүднээс хандаж болохгүй. Нэр хугарахаар яс хугар гэгчээр бид бас нэрээ тийм амархан хугалмааргүй байна. Энэ гэрээний асуудлыг хэтэрхий туйлширч ойлгох хэрэггүй. Монгол Улсад тийм ч ашиггүй гэрээ бас болоогүй. Байгаа ордоо дангаараа ашиглаад дотооддоо борлуулчихгүйгээс хойш дэлхийн зах зээл дээр ашигт малтмалаа нийлүүлж л таарна. Яах вэ тодорхой хэмжээнд боловсруулан, нэмүү өртөг шингээж, аль болох их ашгийг орон нутагт авах ёстой гэж ярьдаг. Энэ дээр уян хатан бодлого барьж ажиллах хэрэгтэй. Гадаадын зах зээл дээр ашигт малтмалаа гаргаж, улс орныхоо төсөв, хөрөнгийг нэмэхийг л бид мөрөөдөж ирсэн. Тэр мөрөөдөл одоо л биелэх гэж байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.