2012.03.15

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүд шийдвэр гарах түвшинд олуулаа байсан бол...

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа эмэгтэйчүүдийн эрх, байр суурийн талаар ярилцлаа. Тэрээр энэ чиглэлээр нэлээд хэдэн хуулийн төсөл санаачлан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

-Нийгмийн хамгийн чухал нэгж болсон гэр бүлийн үнэт зүйл алдагдаж байгаад хэн хүнгүй эмзэглэдэг.Та саяхан энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилсанд олон хүн талархсан болов уу.Гэр бүлийн үнэт зүйлийг өргөх хуулийн төслийн гол санаа, агуулга юу вэ?

-Гэр бүлийн хөтлийн асуудлаарх төрийн бодлогоо бид зөв тодорхойлсон боловч уг бодлогыг хэрэгжүүлэх төрийн бүтэц, эдийн засгийн баталгаа үндсэндээ байхгүй.Тийм учраас гэр бүлийн задрал хурдацтай явагдаж байна.Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан.Засгийн газар ч дэмжсэн.Хуулийн төсөлд гэрлэлт гэр бүлийн харилцаан дахь төрийн оролцоо, эрх хэмжээ, гэр бүлийн харилцаанаас үүсэх эрх, үүргийг тусгасан.Мэргэжлийн байгууллагын судалгаагаар монгол гэр бүл нь хүн амьдрах хамгийн тайван, таатай, аюулгүй орчин байж чадаж байгаа эсэхэд эргэлзээ төрөхүйц үзүүлэлт гарсан.Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч хэлбэрээр амьдарч байгаа.Эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр байна.Энэ бүх сөрөг үзэгдлийг дагаад хүүхдийн эсрэг гэр бүл дэх дарамт хүчирхийлэл, хүүхдийн халамж, тэтгэлэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага ч зүй ёсоор тавигдсан.Олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртсөнөөс болж аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр байна шүү дээ.

-Гэр бүлийн үүрэг, хариуцлага алдагдсанаас үүдэн охид, хүүхдүүд маань ч янз бүрийн гэмт хэргийн золиос болох нь элбэгшсэн. УИХ-аар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль ярьж байгаа нь бас л анхаарал татаж байна.Та энэ хуулийн төслийг ахалж ажиллаж байгаа байх аа?


-УИХ-аар энэ хуулийг хэлэлцэж байна. Хууль зүй дотоод хэргийн яам, төрийн бус байгууллагууд олон нийтийн санал бодлыг сонсож, олон хэлэлцүүлэг хийж их сайн хуулийн төсөл өргөн барьсан.Хүн худалдаалах гэсэн ойлголт хэдхэн жилийн өмнө биднээс хол хөндий байлаа шүү дээ.Гэтэл өнөөдөр энэ төрлийн гэмт хэргийн гаралт манай улсад ихсэж байгаа учраас эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зохицуулах боломжгүй олон харилцаа байна.Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг илрүүлэн тогтоох, хохирогчийг хамгаалах, эрхийг нь хангах олон асуудал эрх зүйн зохицуулалт шаардаж байна. Гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн эмзэг бүлгийн орлого багатай, боловсролын түвшин доогуур эмэгтэйчүүд, охид байна.Ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн, согтуурал, мансуурал, биеэ үнэлэх явдал зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд тавих хяналт алдагдсан, бүртгэл хяналт байхгүй шахам байгаа нь ийм гэмт хэрэг өсөн төлжих үндсэн шалтгаан болж байна. Хүний наймааны гэмт хэрэг голдуу бэлгийн мөлжлөг, боолчлол, хүний эд эрхтний худалдаа зэрэг хэлбэрүүдээр илрэн гарч, дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан сүлжээ болсон байна.Иймд монгол охид, эмэгтэйчүүдээ хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.Ийм л сэтгэлээр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

-Эмэгтэй хүн УИХ-д орж ирснээр яг юуг өөрчлөх гээд байгаа юм. З.Алтай гишүүн албан тушаалд дуртай авгай нар ийм яриа гаргаад байгаа гэсэн байсан?


-Эмэгтэй хүний олж хардаг нарийн асуудлууд нийгэмд олон бий. Эмэгтэйчүүд төрийн эрх барих үйл хэрэгт орж ирснээр нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарт нүдэнд харагдахуйц өөрчлөлт гарна.Одоо ч батлагдсан олон хуулийг санаачлахад өнөө цөөн хэдэн эмэгтэй гишүүдийн үүрэг, хичээл зүтгэл их байсан.Тухайлбал, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, тэтгэвэр тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ахмад насны нийгмийн халамжийн тухай хууль гээд олон бий. Эрэгтэйчүүдийн шийдэж хийдэггүй олон зүйл байгаа нь эргээд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх ёстойг харуулж байгаа юм.

-Одоо бол эрэгтэйчүүд л хууль баталж байна. Эмэгтэй гэлтгүй тэд ч нийгмийн хамгаалал тал руугаа анхаардаг юм бишүү. Сүүлийн үед төрөөс халамжийн бодлого харин ч хангалттай гарч байгаа биздээ. Ингэхээр “яагаад заавал эмэгтэйчүүд” гэсэн бодол төрж байнал даа?


-Эрэгтэйчүүд нийгмийн хамгаалал талдаа анхаарал хандуулдаггүй гэж хэлээгүйл. Өргөн барьсан хуулийг хэлэлцэх, дэмжих тал дээр манай эрчүүд харин ч гайгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинг өндөрсгөх нь өөрөө олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн Монгол Улсын үүрэг шүү дээ.

-МАН-ын бүлэг“эмэгтэйчүүдийн квотыг 15 хувиас буулгахгүй” гэж амласан.Үүнийг бараг л дээд боломжоо хэлсэн гэж ойлгож байгаа. Намын зүгээс ч тэр, эмэгтэйчүүдээ дэмжих талаар ахиц байгаа хэрэг үү?


-Эмэгтэй удирдагчдын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийнхээ төлөө гуйвалтгүй байх чадвар, авилгад бага өртөх шударга зан байдал, хүлээсэн үүргээ найдвартай биелүүлдэг хэв маяг, жижиг зүйлд ч анхаарал тавин шийдвэр гаргадгийг илүүтэй их мэдэрч үнэлж байна. МАН-ын 26 дугаар Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүдээр сонгосон. Энэ бол бидний амжилт, биднийг үнэлсэн МАН-ын дарга, удирдлагуудын бодлого чиглэл, жендэрийн мэдрэмж хэмээн эмэгтэйчүүд талархаж байдаг. Иймээс ахиц байгаа. Энэ парламентын үед Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан явдал УИХ-ын 73 эрэгтэй гишүүдийн жендэрийн мэдрэмжийг баталсан явдал гэж үздэг. Энэ хуулийн гол цөм нь квотын асуудал шүү дээ. Нийгэмд тэгш байдалд хүргэх үйл явцыг ахиулахын тулд эмэгтэйчүүдийн улстөрийн төлөөллийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-д, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэмэгдүүлэх квот тогтоолгохоор Сонгуулийн хуульд тусгуулах нэн чухал шаардлагатай байгаа юм.

-Та “Эмэгтэйчүүдийн банк байгуулах” тухай ярьдаг.Та энэ саналынхаа талаар тайлбарлаач?


-Ядуурал, ажилгүйдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж үзэж, энэ санаачлагыг гаргасан. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдээ дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож бодит дэмжлэг үзүүлэх “Эмэгтэйчүүдийн банк” байгуулах санаачлагыг гаргасан. Бид олон жил ярьсан ядуурлаас салах гарц хайж олохыг зорьж, энэ гарцыг “Эмэгтэйчүүдийн банк” байгуулсан дэлхийн олон орны туршлагаас суралцах ёстой гэж үзэж байгаа юм. Хөрөнгө барьцаа шаардсан банк санхүүгийн үйлчилгээг эмэгтэйчүүд ялангуяа өрх толгойлсон эхчүүд авч чадахгүй байна шүү дээ. Тухайлбал, энэ гэр бүлд өнөөдөр 500 мянган төгрөг бэлнээр хэрэг болоход барьцаа байхгүйгээс бэлэн мөнгө олох боломжгүй болж, маш өндөрхүүтэй мөнгийг авч өрх гэрийн ачааллаа өөрөө үүрч байна даа. Эмэгтэйчүүдийн банк байгуулсан дэлхийн 40 улс орны үр дүнд хүрсэн туршлагыг амьдралд туршин хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн юм. Зарим орны туршлагыг ч явж танилцахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-Эмэгтэйчүүдийн банк гээд онцлохоор өнөө эрэгтэйчүүдийн жендерийн асуудал чинь босч ирэх юм биш биз?


-Сүүлийн хорин жилийн гол сэдэв нь ажилгүйдэл ядуурал байна. Үүнийг бууруулахын тулд хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Ядууралд эмэгтэйчүүд илүү өртөмтгий байна. Дэлхийн олон оронд ийм төрлийн банк байгуулж, үр дүнд хүрсэн байна. Эмэгтэй хүмүүс зээл аваад үйл ажиллагаагаа явуулчхаад хугацаандаа зээлээ төлдөг болох нь батлагдсан. Өөрөөрхэлбэлхариуцлагатай, найдвартай гэдгээ нотолсон байдаг.

-Эмэгтэйчүүдийн банкийг Монголд байгуулах боломж бүрдсэн үү?


-Эмэгтэйчүүдийн банк байгуулснаар ядуурлаас олон эмэгтэй гарна. Бид Эмэгтэйчүүдийн банк байгуулж чадвал, эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй болж бусдаас хараат явдаг амьдралын хэвшил, сэтгэлгээ дадал зуршлаа өөрчилнө, үр хүүхдээ өсгөж чанартай боловсрол эзэмшүүлнэ, өрх толгойлсон 90,000 шахам эмэгтэйчүүд жижиг үйлдвэрлэл эрхэлж өмч хөрөнгийн эзэд болцгооно, барьцаа харгалзахгүйгээр зээл авч нийгмийн орлого багатай давхарга, ядуу иргэд амьдралаа өөрчилнө гэж тооцож төлөвлөж байгаа. Хэрэв үүнийг хийж чадвал бид ядуурлыг музейд тавих болно.

-Олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлэх болов уу?


-Ер нь ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн задрал, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн бусад чанар хүртээмж, эх үрсийн эрүүл мэнд, ёс суртахууны доройтол, архидан согтуурал, байгаль орчны бохирдол хямрал, шударга ёсны зэрэг нийгмийн тулгамдсан олон асуудлын гарцыг олж шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой зайлшгүй хэрэгтэй байна гэсэн нийгмийн хандлага байна. Сонгуулийн тогтолцооны сул тал, эдийн засгийн боломж, уламжлалт зан заншил, хэвшмэл ойлголт зэрэг эмэгтэй хүний мэдлэг чадвараас үл хамаарах олон шалтгаанаар улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа. Олон орон энэ асуудлыг квот буюу босго тогтоох аргаар шийдвэрлэж ирсэн. Эмэгтэйчүүдийн квотыг Социнтерний улсууд ч мөн хэрэгжүүлсээр байна.Энэ бүхэн “чадваргүй эмэгтэйг эрх мэдэлд хүргэх” гэсэн оролдлого, хөшүүрэг биш болох нь батлагдаж байна. ер нь квотын зарчим нь сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл бага тусдаг мажоритар системийн сул талыг нөхөх арга бөгөөд эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвараас үл хамаарах олон сөрөг хүчин зүйлээс хамгаалсан тэгш байдлыг бий болгох гаргалгаа түлхүүр юм. Эмэгтэйчүүд бид шийдвэр гаргах түвшинд олуулаа байсансан бол... өнөөдөр дүүргийн эмнэлэгт өвдсөн хүүхдээ сандал дээр суугаад сахиж байгаа ээж, нөхөртөө гомдон нүдэндээ нулимстай яваа бүсгүйчүүд, хүний наймааны золиос болон цоожтой хаалганы цаана айн чичирсэн охид, Улаанбаатар хотод хүүхдээ салхилуулж чадахгүй байгаа ээжүүд, эмээ нар зэрэг олон асуудал өдий зэрэгт даамжрахгүй байсан гэдгийг бодох л хэрэгтэй.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.