Су.Батболд: Цэцийн шийдвэрийг хүлээж авахад бэлэн
2012.04.02

Су.Батболд: Цэцийн шийдвэрийг хүлээж авахад бэлэн

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболдоос байр суурийг нь сонирхлоо.

-УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнө сонгуулийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж болохгүй. Тухайн заалт хүчингүй болох уу, эсвэл уг хууль автоматаар хүчингүй болох уу?

-Үндсэн хуулийн Цэц иргэдийн гаргасан гомдлын дагуу хуралдаж УИХ-аас баталсан хуулийн тодорхой заалтууд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу, үгүй юу гэдэг асуудлаар УИХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. Цэцийн шийдвэрээр тухайн хуулийн тодорхой зүйл, заалтыг түдгэлзүүлсэн бол уг хууль хүчин төгөлдөр үйлчилдэг. Сонгуулийн хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэдэг зүйл, заалт бол сонгуульд ямар нэгэн нөлөөлөх байдлаар хууль санаачлагч субъектүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газраас өөрчлөлт оруулахаар өргөн барихыг хориглосон. Түүнээс Цэцийн шийдвэрийн тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгох асуудал үүнтэй огт хамаагүй. Тиймээс өргөн бариад, түүнийг нь хэлэлцээд, хуульд зориулалтын өөрчлөлт оруулж байгаа зүйл биш учраас энэ нь тухайн зүйл заалттай хамаарахгүй.

-Ер нь сонгуулийн хууль шинэчлэл хийх анхны зорилгодоо хүрч чадсан уу?

-Анх сонгуулийн хуульд өөрчлөлт хийхийн тулд бид пропорционалийн элементүүдийг оруулъя гэж ярилцсан. Ингэснээр мажоритар системээр явуулсан өмнөх таван удаагийн сонгуульд илэрч байсан гажгуудыг засах боломжтой гэж үзсэн. Нийгмийн уур амьсгалыг авч үзвэл, намууд сонгуульд оролцдог тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн хандлага байгаа.
УИХ-д олонхи суудал авсан МАНын хувьд жижиг намуудад боломж олгож, УИХ-д намуудын төлөөлөл орж ирэх бололцоо, нөхцөлийг хангая гэсэн зарчмын шийдэлд хүрсэн. Учир нь одоогийн улстөрийн байдлыг харахад өнгөрсөн 20 жилийн сонгуулийн тогтолцооны нөхцөл бол үндсэндээ хоёр том нам улстөрд голлох тоглогч байх тогтолцоо байсан.

Мажоритар тогтолцоо өөрөө улстөрийн хоёр том нам голлох тоглолтыг хийдэг тогтолцоонд чиглүүлдэг.

Тэгэхээр пропорционалийн элементийг оруулна гэдэг бол голлох намууд өөрийнхөө байр сууринаас татгалзаж, жижиг намуудын УИХ-д орох бололцоог нь хангаж байна л гэсэн үг. Энэ утгаараа пропорциональ элементийг авсан. Нөгөө талаас 48 нэр дэвшигчээс 28-аас дээш хувийн санал авсан нь намын нэрээр сонгогдох боломжтой байгаа тохиолдол ч аль аль нь УИХ-д жижиг нам, нэр дэвшигч орох бололцоог нь хангасан тогтолцоо. Уг тогтолцоогоор зөвхөн хоёр намын эрх ашгийг хангасан гэж үзэж болохгүй. Тийм байсан ч жижиг намуудын орж ирэх бололцоо нөхцөл нь бүрдсэн байх учиртай. Миний бодлоор сонгодог тогтолцоогоор явах хэрэгтэй. Мажоритар тал нь ч сонгодог мажоритар хэлбэрээрээ, пропорциональ тал нь ч сонгодог пропорциональ хэлбэрээрээ явах нь зүйтэй юм. Хэрэв энэ байдал засагдвал сонгодог пропорциональ, сонгодог мажоритар тогтолцоо хоёр зэрэгцэн, анхны зорилгодоо хүрэх бололцоотой юм.

-Сонгуулийн хуулийг батлахад сая Цэц дээр унадаг заалтыг зарим гишүүн эсэргүүцэж байсан. Тухайн үед гишүүд өөрсдөдөө ашигтай байдал үүсгэх гэж энэ заалтыг оруулсан гэсэн шүүмжлэл гарч байгаа. Та Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үү?

-Би 48 нэр дэвшигчээс 28-аас дээш хувийн санал авсан нь пропорциональ уруу “гулсдаг” тогтолцоог анхнаас нь “Энэ боломжгүй зүйл” гэж шүүмжилж байсан. Тиймээс Цэцийн шийдвэрийг хүлээж авах талдаа байна. Гэхдээ энэ тогтолцоо огт байдаггүй тогтолцоо биш. Бид жижиг намуудад, нэр дэвшигчдэд бололцоо олгосон. Пропорциональ тогтолцоог зэрэгцүүлж авч явна гэдэг бол маш том улстөрийн, тогтолцооны шинэчлэл. Гэхдээ “гулсдаг” хэлбэрийг засч байгааг дэмжих ёстой гэж үзэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.