С.Эрдэнэ: Цэцийн шийдвэрийг хүлээж авбал эцсийн хариуцлагыг ардын намынхан хүлээнэ
2012.04.13

С.Эрдэнэ: Цэцийн шийдвэрийг хүлээж авбал эцсийн хариуцлагыг ардын намынхан хүлээнэ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн "гулсах " заалт Үндсэн хууль зөрчиж байна "  дүгнэн хүчингүй болгох шийдвэр гаргасан. Шийдвэрийг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны гишүүд "Хүлээж авахгүй " гэдгээ өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдаанаараа мэдэгдсэн. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч эрх баригч хоёр намын бүлэг ямар нэгэн шийдэлд хүрч чадалгүй чуулганы хуралдааныг завсарлуулсан. Цэц үеэр Ардчилсан намын гишүүд "Үндсэн хуулийн Цэц Ардын намынхны захиалгаар шийдвэр гаргасан " гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Энэ талаар ярилцахаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урьсан юм.

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр та "Үндсэн хуулийн Цэцийнхэн Ардын намынхны захиалгаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн "гулсах" заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан" гэсэн. Ямар үндэслэлээр ийнхүү хардаж байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцийнхэн шийдвэр гаргахдаа асуудлаа судлаагүй гэдэг нь УИХ-ын чуулганы хуралдааны явцад ил тод мэдрэгдэж байсан. Чуулганы хуралдаанд ирсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Пүрэвням гаргасан шийдвэрээ бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй байсан. Мөн Үндсэн хуулийн Цэцийнхний ийм шийдвэр гаргасан учир шалтгаан нь хангалтгүй байлаа гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Цэц ямар нэгэн улс төрийн бүлэг, хүмүүсийн захиалгаар ажилладаг байгууллага болж хувирсаныг олон баримтаар нотолж болно.

-Тухайлбал, ямар баримтаар нотолж чадна гэж?

-Нийгмийн даатгалын шимтгэлээс зарим аж ахуйн нэгжийг чөлөөлсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хэлэлцэхэд би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан юм. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 2002 онд төрийн санд татаж байршуулсан юм. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах боломжийг нээсэн. Тухайн үед энэ үйлдлийг "Үндсэн хууль зөрчсөн байна" гэж иргэд гомдол гаргасны үндсэн дээр Үндсэн хуулийн Цэц хуралдаж асуудлыг хэлэлцэж байсан. Харин хуралдаанаас "Үндсэн хууль зөрчөөгүй" гэсэн дүгнэлт гаргасан. Уг нь энэ нь Үндсэн хууль зөрчсөн явдал яах аргагүй мөн байсан. Учир нь үүнээс болоод нийгмийн даатгалын сан төсвийн бүрэлдэхүүн хэсэг болсноор нийгмийн даатгалын сан бие даасан чадвараа алдаж, даатгуулагчдын төлсөн мөнгийг нийгмийн даатгалын чиглэлээр зарцуулахын оронд төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгож орхисон юм л даа. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэц, нэгэнт "Энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй" гэсэн шийдвэр гаргасан учир нийгмийн даатгалын сангийн хөрөнгө буюу даатгуулагчдын шимтгэлд төлсөн мөнгийг өнөөдрийг хүртэл төрийн санд байршуулсаар ирсэн.

Тиймээс УИХ-аас төсвийн тухай хууль батлахдаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгосон.

УИХ-аас Татварын өршөөлийн тухай хууль баталдаг. Татвар гэдэг бол төсөв. Тэгэхээр Төсвийн бүрэлдэхүүнд УИХ-аас ямар нэгэн өөрчлөлт оруулж, өршөөл үзүүлж болно гэсэн үг. УИХ-аас энэ хүрээнд тодорхой хугацаанд шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан аж ахуйн нэгж байгууллагыг шимтгэлээс чөлөөлж, нийгмийн даатгалын найдваргүй өр, шимтгэл, авлагыг хүчингүй болгохоор шийдсэн. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд "Даатгуулагчдын эрхэнд халдаж байна. Тэдний мөнгийг шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн өрийг төлөхөд хэрэглэснээр даатгуулагчдад хохирол учруулна" гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж л Үндсэн хуулийн Цэцийнхэн өдөр, шөнө шиг ялгаатай шийдвэрүүд гаргасан байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн Цэц хууль зөрчиж , улстөржиж байгаагийн нэг илрэл юм.

-Тэгвэл яг ямар үндэслэлээрҮндсэнхуулийнЦэцийндүгнэлтийг Ардчилсан намынхан хүлээж авахгүй гэж шийдсэн юм бэ. Үүнийг тодорхой тайлбарлаж өгөөч?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын сонгуулийн тухай хуульд заагаагүй нэр томъёо ашиглаж шийдвэр гаргасан байсан. Тухайлбал, "Ялагдсан нэр дэвшигч нэрсийн жагсаалтад шилжиж болохгүй" гэсэн байсан. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд "ялагдсан" гэсэн ойлголт огт байхгүй. Ердөө л 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчид авсан саналынхаа хувиар пропорциональ системээр сонгогдох 28 гишүүний тоонд намынхаа нэрийн ард эрэмблэгдэж жагсах тухай заалт байгаа. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар 48:28 гэсэн тоог огт хөндөөгүй. Үүнийг "хуульд нийцэж байна" гэж үзсэн юм байлгүй. Гэтэл энэ нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Энэхүү зүйлд "УИХ-ын гишүүнийг сонгогч шууд, нууц санал хураалтаар сонгоно гэсэн заалт бий. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээр бол 48 гишүүнийг шууд, нууц санал хураалтаар сонгох юм байна. Үлдсэн 28 гишүүнийг сонгохдоо намуудад санал өгөх маягаар сонгох нь гэсэн ойлголт төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын нэрийн ард нуугдаж хэн нэгэн 28 этгээд ард түмний саналаар биш намын авсан саналаар УИХ-ын гишүүн болох боломж олгочихож байгаа юм. Тэгэхээр энэ нь тодорхой, хэсэг бүлэг улстөрчдийн захиалгаар Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан байх магадлалыг бий болгож байгаа юм.

-Ардын намынхан үүнийг тайлбарлахдаа "Сонгогч намын нэрийг дугуйлахдаа энэ намыг сонговол хэн гэдэг хүн УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг мэдэх боломжтой. Учир нь намын нэрийн ард УИХ-ын гишүүн болох магадлалтай 28 хүний нэрийг жагсаасан байна" гэж байсан. Тэгэхээр "Үндсэн хууль зөрчсөн асуудал гаргахгүй" гэж байсан шүү дээ?

-Үгүй юм аа. Тухайлбал, Ардын намын нэрийн ард Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж зэрэг 28 хүний нэрийг жагсаасан байя гэж үзье л дээ. Гэтэл сонгогч хэн нэгэн Д.Лүндээжанцан юм уу, Ц.Нямдорж гэж дугуйлаагүй л шүү дээ. Зүгээр л тухайн намыг дэмжиж байгаа гэдэг үүднээс намын нэрийг дугуйлна. Гэтэл Д. Л үндээжанцан ч юм уу, Ц.Нямдорж нар УИХ-ын гишүүн болчихвол яах вэ. Харин одоо үйлчилж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бүгд нэр дэвшээд 28 ба түүнээс дээш хувийн санал авсан хүмүүс нь 28 руугаа  шилжиж орж эрэмблэгдэх юм бол тодорхой босго саналыг давж, ард түмний саналыг авсан хүн УИХ-ын гишүүн болно гэсэн үг.

Энэ утгаараа "гулсах" заалт нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш.

Гэтэл 28 ба түүнээс дээш хувийн саналыг авах чадваргүй этгээдүүдийн захиалгаар намын нэрийн ард нуугдаж УИХ-д орох боломжийг Үндсэн хуулийн Цэц баталгаажуулах гэж оролдож байгаа нь харамсалтай. Энэ бүхнээс бас нэг зөрчил харагдаж байгаа юм. Үндсэн хуульд "УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно" гээд заачихсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гаргаснаараа УИХ-ыг хууль зөрчих үйлдэл рүү хүчээр түлхэж байгаа хэрэг юм. Хэрэв УИХ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээгээд авчихвал УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан 12-15 заалтад өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд орно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болж УИХ өөрөө хууль зөрчих алхам хийж эхлэх гээд байгаа юм.

-Үндсэнхуульднэмэлтөөрчлөлт оруулахгүй байх хугацааг зааж өгөхдөөхуульсанаачлагчидөөрийн эрх ашигт нийцүүлж хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас урьдчилан сэргийлсэн гэсэн. Харин Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь байж болох асуудал гээд байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Үндсэн хуулийн Цэц өөрийгөө шүүхийн байгууллага, шүүхийн шийдвэр гэж үзэж байгаа бол асуудлыг их суудлынхаа хуралдаанаар батлах ёстой. Харин үүний дараа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу УИХ арга буюу хуульд өөрчлөлт оруулах байх. Харин одоо Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэрхэх тухай ярилцаж байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Пүрэвням "Үйл явц дуусаагүй байна" гэж ярьж байсан. Тиймээс үйл явц дуусаагүй байхад УИХ шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөх нь хууль зөрчсөн алхам болно.

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүлээж авахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрээ баталгаажуулж, та бүхний маргаад байгаа хуулийн заалтыг шууд хүчингүй болгочихно биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа асуудлыг шийднэ. Тиймээс үүнээс үүдэж гарах хариуцлагыг Үндсэн хуулийн Цэц өөрөө хариуцах юм. Учир нь их суудлынхаа хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргасан гэдэг утгаараа шүү дээ. Харин УИХ Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авбал үүсэх асуудлын хариуцлагыг хар толгойгоороо хариуцна. Хүлээн зөвшөөрсөн гэдэг утгаараа.

-УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Санал хураалтын явцад Ардын намынхан олонхи гэдэг утгаараа Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх байх гэж таамаглаж байна. Тэгвэл үүсэх нөхцөл байдлын хариуцлагыг УИХ хүлээнэ гэсэн үг үү?

-Тэгвэл Ардын нам л ганцаараа хууль зөрчсөн үйлдэл хийх хариуцлагаа хүлээнэ биз. Харин Ардчилсан намынхан хууль зөрчсөн аливаа үйлдэлд оролцохгүй байх үүрэгтэй. Үүрэгтэй гэдгийг давтан хэлье. Түүнээс биш ямар нэгэн эрх эдлэх гээд байгаа юм биш шүү.

-Тэгэхээр Ардчилсан намынхан чуулганы үйл ажиллагаанаас завсарлага авна гэсэн үг үү. Танай намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг тиймэрхүү утга бүхий мэдэгдлийг чуулганы хуралдааны үеэр хийсэн?

-Ардын намынханд бодох боломж олгосон ч гэдийсээр байна. Одоогоор асуудлыг бүрэн хэлэлцэж амжаагүй учир манай нам ямар шийдвэр гаргахыг тухайн үед л мэдэх боломжтой болох байх.

-Иргэний цахим үнэмлэх хэвлэх үйл явц хойшилсон гэдгийг холбогдох хүмүүс нь албан ёсоор мэдэгдсэн зэргээс болоод УИХ-ын сонгууль хойшилж магадгүй байдал үүсчихээд байна. УИХ-ын зарим гишүүн үүнийг урьдчилан сануулж байсан удаатай. Та юу гэж харж байна. УИХ-ын сонгуулийг хойшлуулах боломж бий юү?

-Үндсэн хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Үндсэн хуульд "УИХ^ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна" гээд заачихсан байгаа. Нөгөөтэйгүүр, УИХ-ын сонгуулийн тухай хуульд "УИХ-ын сонгуулийг 2012 оны зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр явуулна" гээд хуульчилчихсан. Тэгэхээр сонгууль явуулах хугацааг хойшлуулна гэдэг нь хууль бус үйлдэл. Хууль бус үйлдлийг өөгшүүлж, дэвэргэх эрх хэнд ч байхгүй. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа зэрэг хариуцлагатай албан тушаалтнууд ийм утга бүхий мэдэгдэл хийж байгаад би их гайхаж байна. Үндсэн хуулийн Цэцийн -дунд суудлын хуралдааны шийдвэр гарахаас өмнө буюу УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан 48-аас 28 руу шилжих заалтыг ард түмэн шүүмжилж, боломжгүй гэж үзэж байна" гэсэн утга бүхий зүйл ярьсан. Үүнийг УИХ-ын дарга баталсан хуулийнхаа эсрэг зогсож, хэрэгжүүлэхгүй байхыг уриалж байна гэж ойлгож байгаа. Энэ нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл ч болж болно шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарахаас өмнө Ардын намын хариуцлагатай албан тушаалын хүмүүс "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн "гулсах" заалт Үндсэн хуулийн Цэц дээр унана" гэсэн утга бүхий мэдэгдэл хийж байсан. Ардын намынхан бүхнийг урьдчилсан байдлаар мэдэж байсан гэсэн үг. Энэ бүхэн нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.