Ж.Сүхбаатар: Цэцийн шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр аргагүй
2012.03.30

Ж.Сүхбаатар: Цэцийн шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр аргагүй


Сонгуулийн тойрогт нэр дэвшиж 28-аас дээш хувийн санал авсан хэрнээ ялалт байгуулж чадаагүй нэр дэвшигчийг шууд сонгогдсонд тооцож, намын авсан суудалд “гулсуулах” заалтыг Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан хэмээн Үндсэн хуулийн Цэц үзсэн юм. УИХ-ын сонгууль ойртсон ийм үед Цэцийн дүгнэлтэд нийцүүлэн сонгуулийн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлага үүсч байна.

Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Одоо хууль зүйн хүрээнд ямар зохицуулалт хийх ёстой вэ?


-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журмыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Одоо ээлжит чуулганы завсарлагааны хугацаа таарсан байна. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганы чөлөөт цагт Цэц шийдвэр гаргасан бол чуулган эхэлснээс тав хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох байнгын хороо хуралдаж, тухайн асуудлыг хэлэлцэж, дүгнэлтээ гаргах ёстой.Иймд ирэх сарын 5-нд хаврын чуулган эхлээд тав хоногийн дотор Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал дүгнэлт гаргах учиртай.

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах, эсвэл хүлээж авахгүй тохиолдолд яах вэ?


-Хэрэв сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал тухайн асуудлаар холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг УИХ-д байгаа. Гэхдээ УИХ тухайн асуудлыг бүхлээр нь болон хэсэгчлэн хүлээж авахаа шийдэх эрхтэй. Ер нь УИХ хүлээж авахгүй гээд шийдчихвэл Цэц их суудлынхаа хуралдааныг хийж шийдвэр гаргана. Тэр нь эцсийн шийдвэр болох учиртай.

-Цэцийн дүгнэлтийг хүлээж аван УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох гэхээр сонгууль болохоос зургаан сарын өмнө нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийн заалт байгаа шүү дээ. Тэгэхээр асуудал нэлээд ярвигтай болох юм биш үү?


-Цэц дүгнэлтээ гаргахаас ч өмнө УИХ-ын зарим гишүүд энэ асуудлыг ярьж байсан. Цөөнгүй гишүүн ийм асуудал үүсэх юм биш үү гэж надтай уулзахдаа хэлж байсан удаатай. Цэцийн хуралдаан дээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр суусан Р.Гончигдорж гишүүн Цэцийн гишүүдэд хандаж яг энэ асуудлыг сануулж байсан. Харин Цэцийн дунд суудлын хуралдааныг даргалагч “Хууль тогтоогчид өөрсдөө мэдэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон заалт оруулсан. Хэрэв алдаа гарсан гэж үзвэл алдаагаа засах нь тусдаа асуудал” гэх маягаар тайлбарласан л даа.Тэгэхээр таны хэлсэнчлэн, УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнөх хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт бол хууль батлагчид өөртөө ашигтай байдлаар хуулийг өөрчилж болохгүй гэсэн утгатай заалт юм. Манай практикаар бол сонгуулийг ойртуулж байгаад сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг явдал байсан. Тиймээс сонгуулийн дүрмийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангах үүднээс ийм зохицуулалтыг хийсэн. Мөн сонгуулийн өмнөх зургаан сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ч хориглосон. Энэ заалтыг үндэслээд Цэц ийм шийдвэр гаргангуут УИХ хүлээж авч болохгүй гэж үзэх хүмүүс байна. Тэдний үзэж байгаагаар Цэцийн дүгнэлийг хүлээж аваад заалтаа өөрчилбөл сонгуулийн хуультай зөрчилдөнө .Түүнчлэн Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс бий. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуульд хяналт тавьдаг дээд байгууллага шүү дээ. Эцэг хуульдаа нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан байхад УИХ тухайн хуулийн алдааг засах үүрэгтэй. Гэхдээ миний хувьд одоогоор ингэж шийдвэрлэнэ гэж хэлчих боломж алга. Манай байнгын хороо хуралдаад шийдвэрээ гаргана.Хэлж чадах зүйл бол чуулган эхлэнгүүт тав хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хэлэлцээд шийдвэрээ гаргана. Хүлээж авна гэвэл нэмэлт, өөрчлөлт оруулна. Үгүй гэвэл Цэцийн их суудлаараа хуралдаж шийдвэрээ гаргаж таарна.

-Ер нь “гулсах” заалтыг өөрчилнө гэвэл шийдвэрлэх гарц байна уу?


-Хууль зүйн талаас нь харж байж болно. Цэцээс дүгнэлтээ албан ёсоор ирүүлээгүй байна. Ирсэн үед нь УИХ өөрийн эрх зүй, үйл ажиллагааны хүрээнд л шийдвэрлэнэ. Сонсож байхад “гулсах”, “шилжих” гэж яриад байгаа заалтыг Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэдэг байдлаар Цэцийн дүгнэлт гарсан. Хэрэв УИХ хүлээж авбал ямар өөрчлөлт оруулах вэ гэвэл ганц биш хэд хэдэн хувилбар байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Цэцийн дүгнэлтийн гол агуулга болсон заалтуудыг уншиж танилцаж байж шийдэх ёстой.Гэхдээ би ийм хувилбар байна гээд хэлэх арга алга. Харин хуульд заасны дагуу дээр хэлсэнчлэн арга хэмжээг авч даруйхан шийдэх хэрэгтэй байна. Ер нь хаврын чуулган эхлэнгүүт хоёр долоо хоногтоо багтаагаад сонгууль тойрсон асуудлуудыг шийдэх бодолтой байгаа. Тэгэхгүй бол сонгуулийн үйл явцад хүндрэл үүсч болзошгүй. Учир нь сонгуулийг товлон зарлахад хоёр сонгуулийг хамт явуулах эсэхээ хүртэл шийдсэн байх хэрэгтэй. Сонгуулийн ажил тавдугаар сард эхэлчих гээд байдаг. Гэтэл бэлтгэл ажил хангагдаагүй байх гээд байна.

-Цэцийн дүгнэлтийг Таны хувьд хэрхэн хүлээж авч байна вэ?


-Би Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, баталсан хуулийнхаа маргаан үүсгэсэн заалтууд дээр тодорхой тайлбар хийсэн. Мэдээж хэрэг сонгуулийн тухай хуулийг бид хүнд нөхцөл байдалд баталж, гаргасан. Гурав жил гаруйн хугацаанд хэлэлцэж мухардалд орсны эцэст тохиролцсон. Холимог тогтолцоогоор явуулахаар шийдвэрлэж, Цэц дээр маргаан үүсгэсэн заалтыг оруулж өгсөн. Энэ нь эрх баригч МАН, сөрөг хүчин АН-аас гадна гуравдагч улстөрийн хүчнүүдэд болгомж олгох зорилготойгоор санаачилсан юм л даа.Тиймээс 48 тойрогт өрсөлдөөд улс даяар авсан саналынхаа хэмжээгээр пропорционалиар УИХ-д төлөөлөгчөө суулгаж болох, өөрөөр хэлбэл, парламентын ардчиллыг хөгжүүлэх тийм заалтыг оруулсан юм. Харамсалтай нь гуравдагч хүчнүүд, иргэдийн зүгээс өргөдөл, гомдол гаргаж, Цэцээс түдгэлзүүлсэн дүгнэлт гаргалаа. Энэ нь бидний зорьсон хэрэгт халтай зүйл болж байна.

-Сонгууль болохоос өмнө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй юм чинь хуучин хуулиараа сонгуулиа явуулахаас аргагүйд хүрлээ гэж дүгнэх хүмүүс байна. Ийм боломж бий юу?


-Бид сонгуулийн тогтолцооны шинэчлэлээсээ ухарч болохгүй гэсэн байр суурийг миний хувьд баримталдаг. Зарим хүн сонгууль хуучнаараа явагдана гэж хэлээд байгаа л даа. Энэ бол эндүүрэл шүү. Сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болголоо гээд бүхлээрээ хүчингүй болсон юм биш ээ.Тэр “гулсдаг”, “шилждэг” гэж яриад байгаа заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан болохоор УИХ урьдын ээдрээтэй байдалд орж болохыг үгүйсгэх арга алга. Бид дахиад л шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Оновчтой шийдвэрт хүрэхийн тулд бид дахиад нэг сорилттой тулгарч байна. Аливаа шүүх, Цэц зэрэг хуулийн дээд байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр арга зам байхгүй.Ямар ч тохиолдолд улстөрийн тогтвортой байдал, сонгуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс төрийн байгууллагууд өөрсдийн үүрэг хүлээсэн байдаг. Энэ удаад аль болох сэтгэлийн хөдөлгөөнөө барьцгааж, хуулийнхаа хүрээнд шийдлээ гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна даа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.