2011.11.11

Ц.Даш­дорж : Шинэ хуулиар сонгуульд ороод манай нам ялагдвал хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ?

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж УИХ-ын гишүүд гурван жил маргалдаж байж саяхан нэг шийдэлд хүрэх гэж байгаа сураг дуулд­лаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даш­доржтой ярил­цаж, санаа бод­лыг нь сонссон юм.

-Хоёр намын бүлэг удаан хэлэлцсэний дүнд сон­гуулийн тогтолцоон дээр са­нал нэгдэж байх шиг байна. Энэ талаар таны саналыг сонирх­вол?

-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг удаан ажил­лалаа. Намын бүлгүүд удаан зөвшилцлөө.

-Танай нам УИХ дахь бүлгийн даргаа хүртэл солио биз дээ?

-Харин тийм. Гэхдээ  Лүндээг Энх­түвшингээр солиод зөвшил­цөлд хүрч байгаа юм биш. Цаг хугацаа тул­чихлаа. Энэ оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө Сон­гуулийн хуульдаа өөрч­лөлт оруулж амжихгүй бол дахин өөрчлөлт оруулж ам­жихгүйгээр сонгуульд орно гэсэн үг. Үнэндээ 2008 оны долдугаар сарын нэгэн давтагдахаас бүгд айлаа шүү дээ.

-48:28 гэж хийснээрээ 7 сарын 1-нийг үгүй хий­чих­лээ гэж үү?

-Үгүй л дээ. 48:28-даа гол асуудал биш. Хамгийн гол нь санал тоолох процесс юм. Санал тоолох процесс шударга явагдаж байж, сон­гууль шударга явагдлаа гэж иргэд үзнэ шүү дээ. Түүнээс биш 48:28 болсноор ямар ч өөрчлөлт орохгүй. 7 сарын 1-нээр халхавч хийж сонгуулийн тогтолцоог өөр­чилж байгаа нь утгагүй юм.

-Тэгвэл яах гэж 48:28 гэж дэмий юмаар цаг алдсан юм бэ?

-Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн санал тоолох арга хоёр ондоо зүйл. Товч­хондоо УИХ-ын ги­шүү­дийг л яг ямар аргаар яаж сон­гох вэ гэдэг дээрээ маргаад бай­гаа улс л даа бид. Шулуухан хэ­лэхэд өнөөдрийн байдлаар хоёр на­мын бүлгийн ажлын хэсгийн то­хирчихоод байгаа арга бол их төвөгтэй хэцүү арга. Тэгээд ч Сонгуулийн хууль бол зөвхөн нам, улстөрчдөд зориулагдсан хууль биш, сонгогчдод зориулагдсан сон­гогч­дын сонгох эрхийг батал­гаажуулах зорилготой гэдгийг март­мааргүй байна.

-Ардчилсан намын саналаар сонгууль явуулахаар болж байх шиг байна. Ингэснээр танай нам ялагдах үүдээ нээж байгаа юм биш үү?

-Ялах ялагдахын хувьд хэлэх юм алга. Ажлын хэсгийн тохирч бай­гаа төсөл батлагдаад шинэ хуу­лиар дараачийн УИХ-ын ги­шүүдийг сонговол хүссэн ч хү­сээгүй ч УИХ дахь орон нутгийн төлөөллийн тоо багасна. Ерөөсөө орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн тоо эрс цөөрнө.

-Танай Говь-Алтай аймгаар жи­шээ авбал ямар вэ?

-Говь-Алтай аймгийг УИХ-д нэг л гишүүн төлөөлнө. Зөвхөн Говь-Алтай аймаг ч биш, бусад алс­лагд­сан аймгийн хөгжлийн бодлого хумигдах нь ойлгомжтой шүү дээ. УИХ-ын бүтцийг тэгээд бүр­дүүлчихэж байгаа юм чинь төсөв нь тэгж л батлагдана. Энэ дээр их олон зүйл ярьж бо­лох байх. Гэхдээ товчхондоо бол төвийн хөгжлийн бодлого түл­хүү шийдэгдэж хязгаар нут­гийн хөгжлийн бодлого ор­хиг­до­но. Түүний улмаас төвийг чиг­лэ­сэн шилжилт хөдөлгөөн улам эр­чимжиж, хязгаар нутаг улам эз­гүйрэх нөхцөл бүрдэх нь тодорхой. Тэгээд ер нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Оюу толгой, Таван тол­гойд амьдардаг хүн амтай, бу­сад газар нутаг нь хоосон улс бо­лохыг зориод бодлогоо болгоод ба­й­гаа биш биз дээ. Энэ нь ганц намуудын ялалт ялагдлын асуудал биш Монгол Улсын ялалт ялагд­лын асуудал болж магадгүй болчи­хоод байна.

-Тэгээд чухам та яагаад Ард­чилсан намын саналыг зөв­шөөрсөн юм бэ?

-Бүлэг дотроо зарим нэг гишүүн цөөнх болсон. Ийм учраас саналаа хэлж байна.

-Сонгуулийн арга нь ойл­гомж­гүй гэдэг дээр тантай са­нал нийлж байна. Их олон нэр дэв­шигчтэй жагсаалт байх юм уу гэ­дэг асуулт байна л даа. Гэхдээ ажлын хэсэг зөвхөн 38 уу, 28 уу гэж маргаж байхын оронд сон­гуулийн тогтолцоог бүхэлд нь авч үзэж болоогүй юм болов уу?

-Сонгуулийн ямар ч аргыг хэрэглэлээ гэсэн төрийн эрх барих хууль тогтоох байгууллагыг бай­гуулах зорилготой. Тэгэхээр зөв­хөн сонгууль явуулах аргын ху­вилбар дээр маргаж байхаас гадна асуудлыг углуургаар нь төрийн байгууламж, хүн ам, газар нутаг, зан заншил, УИХ-ын бүтэц гээд олон асуудлыг хамтад нь ярих ёстой гэж бодож байна.

-Тэгээд?

-Гадны улсын туршлагыг ч харгалзах нь чухал. Жишээлбэл, АНУ, Авсрали, Герман зэрэг улс шиг бие даасан муж улсуудын нэг­­дэл Нэгдсэн улс байдаг. Ийм улсууд ихэвчлэн хоёр тан­хим­­тай парламенттай байдаг. АНУ-ыг аваад үзье. Конгресс нь хоёр тан­химтай. Сенат нь муж ул­­суу­даа төлөөлдөг. Бүх муж ул­саас адил тооны сенатач гарч ирдэг бол, Төлөөлөгчдийн тан­хим нь ард түмнээ төлөөлж муж ул­суудаас, тэнд амьдардаг хү­мүүсийн тооноос шалтгаалаад ха­­рилцан адилгүй гишүүдийг гарг­аж ирдэг. Хоёр ондоо зарчим бай­гаа биз. Муж улсын өөрийнх нь хараат бус байдлын баталгаа нь сенат, ард түмний төлөөлөл нь Тө­лөө­лөгч­дийн танхим болдог.

-Харин манайд?

-Гэтэл манай улс бол нэгдмэл улс. Төрийн байгууламжийн хувьд шал өөр. Монгол Улсын Үнд­сэн хуульд Монгол Улс тө­рийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гээд заачихсан. Нэг танхимтай парламенттай. Ийм том газар нутагтай, хүн ам цөө­тэй улсын хувьд орон нутгийн тө­лөөл­лийг хүн амын төлөөлөлтэй зөв хос­луулах бодлого барих ёстой. Орон нутгийн төлөөллийн тоог багасгаж болохгүй. Сонгуульд дэвших болохоороо аймагтаа очиж сайхан юм ярьж гарч ирчихээд, одоо танай аймгийг төлөөлдөг ги­шүүний тоог багасгана гээд сууж байж таарахгүй.

-АН-ын бүлгийнхэн Улаан­баа­тар хот олон хүн амтай бол­сон учраас УИХ-ын төлөөлөл нэ­мэгдэх ёстой гэсэн байр суурь­тай байгаа. Та нар АН-ын занг­анд орчихсон юм биш үү. Уг нь та нар олонх байж яасан ч ар­чааргүй юм бэ?

-Өнгөц харвал тийм гэж ойл­гогдож байгаа. Улаанбаатар хо­тод тулгамдсан олон асуудал бай­гаа нь үнэн. Гэхдээ миний ойлгож байгаагаар Улаанбаатар хотын тө­лөөлөл УИХ-д хангалттай бий. УИХ-ын гишүүд бүгд Улаан­баатар хотод амьдардаг биз дээ. Хотын ямар ч асуудал орж ир­сэн гишүүд бүгд л дуу нэгтэй дэмж­дэг. Энэ асуудал УИХ дахь хо­тын төлөөлөл, бидний яриад байгаа сонгуулийн аргатай ямар ч ха­маагүй. Шулуухан хэлэхэд Ард­чил­сан нам хотод арай их суудал авна гээд л тооцоод байгаа байхгүй юу даа. Энд нэг зарчмын асуудал байна. Орон нутгийн төлөөл­лийг хүн амын тоотой уялдуулж тойргийн оновчтой ху­ваа­рилалтыг хийх хэрэгтэй.

-Та нар хотоо хар л даа. Арай өрөвдөлтэй байгаа биз дээ. Хо­тод дэндүү бага мөнгө баталж өгч байна шүү дээ?

-Улаанбаатар хотын тул­гамд­сан асуудлыг Засгийн газ­рын түв­шинд яаралтай шийд­вэрлүүлж байдаг хуулийн механизмыг бий болгох шаардлагатай. Тухайлбал, Хотын Засаг дарга Засгийн газрын гишүүн байдаг. Зарим төр­лийн татварыг Нийслэлийн Ир­гэ­дийн Төлөөлөгчдийн хурал тог­тоодог байх нь зөв. Цаашдаа ер нь дан ганц хотын асуудал биш засаг захиргааны орон нутгийн хөгж­лийн бодлогоо хариуцдаг Засаг захиргааны яам Засгийн газрын түвшинд байгуулах шаардлагатай гэж би боддог.

-Сонгуулийн хууль ирэх до­лоо хоногийн чуулганд орж ча­­дах уу?
 

-Сонгуулийн хуулийн ажлын хэс­гийн бүрэлдэхүүнд орсон ги­шүүд хэцүү үүрэг аваад ажил­лаж байгаа гэдгийг ойлгож байна. Гэх­дээ улстөрийн нам хүчин гэдэг ут­гаараа хариуцлагын асуудал заавал дагаж яригдах ёстой. Нэ­гэнтээ улстөрийн нам засгийн э­р­хийг авах гэж сонгуульд ордог юм бол дараагийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдаад манай нам ялагдвал хэн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бүлэг дээр тодорхой болгосны дараа төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх байх гэж харж байна.

-2012 оны сонгуульд ялагдвал танай намын ажлын хэсэг хариуцлагыг нь үүрэх юм биш үү. Тэр дотроо бүлгийн дарга Ө.Энх­түвшингээр туг тахиад на­мын удирдлагууд нь сугарч үлдэх юм биш үү?

-Харин үүнийг л тодорхой бол­гох хэрэгтэй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.