Н.Энхболд: Ардчилсан намынхан манай намын саналыг “байж болох хувилбар” гэсэн
УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2012.03.14

Н.Энхболд: Ардчилсан намынхан манай намын саналыг “байж болох хувилбар” гэсэн

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг Ардын нам болон Ардчилсан намаас өргөн бариад байгаа. Харин Ардын намаас санаачилсан хуулийн төслийг Ардчилсан намынхан, Ардчилсан намаас санаачилсан хуулийн төслийг Ардын намынхан хүлээн зөвшөөрөхгүй байсаар УИХ-ын ээлжит бус чуулганыг завсарлуулсан билээ.

Уг хуулийн төслүүдийг ирэх сарын 5-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх учир Ардчилсан нам, Ардын намын бүлгээс гарсан ажлын хэсгийнхэн зөвшилцөлд хүрэхээр шаргуу ажиллаж байгаа. Зөвшилцөл хэр үр дүнтэй байгаа талаар УИХ дахь Ардын намын бүлгээс зөвшилцлийн ажлын хэсэгт орсон гишүүн, УИХ-ын дэд дарга Н.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай нам болон Ардчилсан намаас Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэхээр гарсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэн ямар нэгэн үр дүнд хүрч байна уу?

-УИХ-ын хаврын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлуудын тоонд Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байгаа. Хоёр сонгуулийг зэрэг явуулахад зохион байгуулалтын болоод бусад асуудал учир дутагдалтай байгаа. Тиймээс манай намын бүлэг байр сууриа хадгалсан хэвээр байна.

-Гэтэл орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулахаар хуульдаа тусгасан шүү дээ. Хуулийнхаа дагуу зохион байгуулах бололцоо байхгүй юу?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хоёр сонгуулийг зэрэг явуулахаар байгаа. Гэхдээ хуулийг үг бүрчлэн нягтлаад үзвэл түвэгтэй зүйл их бий. Тиймээс уг хуульд заавал нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол учир дутагдалтай. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар "УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр явуулна" гээд заачихсан. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн хүрээнд "Санал хураалтыг ням гарагт авна" гээд заачихсан байгаа юм.

Үүнээс гадна УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийг баталлаа.

Уг хуулийн заалтуудаас орон нутгийн нутгийн сонгуулийн тухай хуульд тусгамаар олон заалт бий. Тухайлбал, бэлэн мөнгө, бэлэг сэлт тараахыг хориглосон. Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг нэлээд өндөрсгөж өгсөн. Саналын хуудсыг автоматаар тоолох зэрэг заалтуудыг хоёр бүлгийн гишүүд орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмж оруулахыг дэмжиж байгаа. санал ч нэгдэж байгаа юм.

-Энэ бүх заалтаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмж тусгаад хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүйюмуу?

-Хоёр намын бүлгээс Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус, тусдаа өргөн барьсан. Дээрх төслүүдийн аль алинаас нь авч, хуульдаа тусгамаар олон санаа байна. Гацаа үүсгээд байгаа ганц асуудал нь сонгууль явуулах хугацаа л даа. Хоёр сонгуулийг зэрэг явууллаа гэхэд эцсийн дүнд сонгуулийн ажил хүндрэх, үр дүн нь будилаантахаас эхлээд маргаан үүсгэж болзошгүй олон асуудал байгаа юм. Хоёр бүлгээс гарсан зөвшилцөх ажлын хэсгийнхэн ярилцах явцдаа энэ асуудал дээр ойлголцолд хүрсэн ч хариугаа эцсийн байдлаар нэгтгэж чадахгүй байгаа юм.

-Зөвшилцөх ажлын хэсгийнхэн ойлголцолд хүрсэн гэлээ. Та бүхэн ажлын хэсгийн хуралдааны үеэр юу ярьсан юм бэ?

-Хоёр бүлгийн түвшинд орон нутгийн  хурлын сонгуулийг намар хийхээр болох юм бол наана нь хийж амжуулах олон ажил бий гэдгийг зөвшилцлийн үед ярьсан. Ер нь орон нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгохоор олон жил ярьсан. Үүний тулд Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлсан журмаар явуулдаг. Тиймээс "УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулж, гарсан үр дүнд нь үндэслэн Үндсэн хууль болон бусад хуульд оруулах өөрчлөлтөө хийж орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгоё. Дараа нь түүндээ тохирсон сонгууль явуулъя" гэдэг саналыг манай намын бүлгийн зүгээс  Ардчилсан намын бүлэгт санал болгосон. Ардчилсан намынхан үүнийг "Байж болох хувилбар" гэж үзсэн байна билээ. Уг нь ингэж шийдвэл зөвхөн хоёр сонгуулийг зэрэг явуулах асуудлыг биш, нэлээд хэдэн жил ярьсан зарим асуудлыг ч боловсронгуй болгох боломжтой болох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.